Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 50 хувийн саналаар батлагдсан асуудлыг байнгын хорооны 7 гишүүний саналаар унагаж байгааг харав уу. Улс орны асуудлыг ард түмний төлөөлөлөөр биш хэдхэн хүний ашиг сонирхлоор л хурууны үзүүрээр шийддэг гэдгийг баталгаа өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болов. 

Хүйсийн 40 хувийн квотыг унагах ёстой гэсэн МАН-ын бүлгийн даалгаврыг биелүүлэх зорилготой Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг зориудаар өөрчилж, хоёрт байсан асуудлыг татан авчирч, гишүүд ч бүрэн цуглаагүй байхад байнгын хорооны 10 гишүүний 7 нь дэмжээгүй гэсэн шалтгаанаар УИХ дээр дэмжсэн асуудлыг унагажээ

Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж, дэгт халдсан асуудал болов. Одоо хэлэлцэх асуудлын жагсаалт бүгд олон нийтэд нээлттэй, ил болсон үед энэ мэт ажиллагаа явуургүй болсон шүү.

Хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөхөөс эхлээд хуулийн хулгайг сэм сэмхэн хийж гаршсан гишүүд цөөнгүй. УИХ-д олон жил суусан байх тусмаа арга нь нарийсч, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж ирсэн энэ хүмүүс маргааш болох чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг бас өөрчлөх үү. 

Энгийнээр харахад хэлэлцэх асуудлын дарааллыг сольж байгаа нь чанарын ялгаагүй мэт боловч маш нарийн тооцоолол бодлого байдаг гэдгийг учир мэдэх улстөрчид хэлдэг. 

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн бүх бодлогын дээр нам байх тусмаа асуудал дагуулдаг. Төлөөллийн байгууллага бол төлөөллийн байгууллага шиг байж, сонгогчдын мандатаар орж ирсэн гишүүдийн олонхийн саналыг авсан асуудлыг байнгын хороон дээр хор найруулж унагадаггүй баймаар байна.