УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдож, нийтийн боломжийг хулгайлсан томоохон хэргүүд нийгэмд ил болсон ч тэдэнд тооцсон хариуцлага, шүүхийн шийдвэрт иргэд сэтгэл дундуур байгааг олон нийтийн сүлжээнээс харж болно. Ялангуяа, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл буюу нэн хөнгөлөлттэй, иргэдэд олдоггүй зээлийг УИХ-ын гишүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ олгоход нөлөөлсөн ч зарим нь Ерөнхийлөгчийн зөвлөх хийж, зарим нь сайд болж, албан тушаал ахисан үзэгдэл нүдний өмнө болж, мартах шахсан бол Хөгжлийн банкны хэрэг үүний араас залгалаа. Эдгээрээс ч том нүүрсний гэх хэрэг хэрхэн шийдэгдэх нь нийгэмд мөн л томоохон хүлээлт үүсгээд байна. 

Энэ цаг үед одоогийн парламентад сууж байгаа 76 гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын ХАСХОМ-ын мэдээллээс http://xacxom.iaac.mn/xacxom эргэн нэг нягталлаа. 

УИХ-ын гишүүд хэрхэн "цөм" баяжих боломжтой вэ?

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлд Гишүүнд хориглох үйл ажиллагааны талаар заасан байдаг. https://legalinfo.mn/mn/detail/15441 Тус заалтын


43.1.2-т бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;

43.1.3-т гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

43.1.4.гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

43.1.10-т бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд сонгогдох зэргийг хориглодог. 

Тэгвэл УИХ-ын гишүүдийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүдэд 100 хүртэл хувь эзэмшиж байна. Ямар нэгэн аж ахуйн нэгжид оролцоогүй, харьяалалгүй цөөн гишүүн байгаа ч тэдний орлого гишүүн болсноор нэмэгдсэн нь мөн фактчек хийх явцад ажиглагдлаа. 

Үүнээс хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар анх удаа парламентад сонгогдсон. Эхний удаагийн бүрэн эрхийн хугацаанд нь буюу 2019 он хүртэл түүний өөрийн орлого 11 дахин нэмэгдсэн бол 2021 он гэхэд 235 сая төгрөг болж 2019 оныхоос 70 гаруй сая төгрөгөөр өсжээ. Гэр бүлийн орлого нь л гэхэд анх гишүүн болсноос нь хойш 2022 он хүртэл 16 дахин өссөн байна. 

2016 онын УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад орж ажилласны дараа гэр бүлийн орлого нь үлэмж өссөн гишүүд мөн байна. Үүнд 

Овог, нэр

Гэр бүлийн орлого (мянган төгрөг)

Өөрчлөлт

2015

2019

1

Ж.Бат-Эрдэнэ 

37,800

122,520.98

3.2 дахин 

2

С.Бямбацогт 

105,938.47

489,766.67

4.6 дахин

3

Б.Энх-Амгалан

17,000

1,419,52.91

8.4 дахин 

4

Д.Тогтохсүрэн

8,410.25

90,033.58

10.7 дахин

5

М.Оюунчимэг

30,000

358,394.5

12 дахин 

6

Д.Сумъяабазар

5,108.44

58,597.31

11.5 дахин

7

Л. Мөнхбаатар 

252

3,840

15 дахин 

8

Б.Саранчимэг

1,400

42,610.14

30 дахин 

9

Т. Аюурсайхан

0

26,500

26.5 саяар

(Гишүүн болох үедээ мэдүүлсэн ХОМ-ыг ашиглав)


Тэдний дийлэнх нь энэ удаагийн парламентад дахин сонгогдоод ажиллаж байгаа. 

Одоогийн парламентын гишүүдийн АТГ-т мэдүүлсэн 2021 оны мэдүүлгийг нь харвал УИХ-ын гишүүн Т.Аубакир, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жавхлан, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын гишүүн ямар ч компани, нөхөрлөл, хоршоонд хувь эзэмшилгүй болохоо мэдүүлсэн бол А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Н.Энхболд, Ж.Батжаргал нар зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-д л хувьцаатай гэж мэдүүлжээ. 

Тэгвэл огт бизнесгүй гэсэн дээрх гишүүдийн ХОМ-т фаткчек хийхэд зарим сонирхолтой үр дүн харагдсан юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн үл хөдлөх хөрөнгө 1.3 тэрбум орчим байсан бол 2021 оны байдлаар бараг хоёр дахин өсөж, 2.5 тэрбумд хүрчээ. Мөн гишүүн болсноос нь хойш түүний 5.2 сая төгрөг байсан хадгаламж 312 сая болтлоо 60 дахин нэмэгджээ. Түүнд хөрөнгө оруулсан компани, нөхөрлөл, хоршоо байхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн бизнесгүй бөгөөд гишүүн болсноосоо хойш 370 сая төгрөгийн зээлээ дарж, 300 сая төгрөгийн авлагтай болсон байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн орлого гишүүн болох үеийнхээс нь 3.5 дахин нэмэгдэж, 156.5 сая төгрөг болсон бөгөөд 350 сая төгрөгийн авлагатай болжээ. Тэрбээр хурдан удмын 42 адуутай байсан бол 76 адуутай болсон байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн жилийн орлого 22.7 сая байсан бол 430 сая болж өсжээ. Мөн тэрбээр 2021 онд үл хөдлөх хөрөнгөгүй хэмээн ХОМ-тээ мэдүүлсэн ба 404 сая төгрөгийн авлагатай болж, 445 сая төгрөгийн мал аж ахуйтай болсон байна. 

Компани, хоршоотой болохоо мэдүүлсэн гишүүд дундаас мөн хөрөнгө орлого нь үлэмж нэмэгдсэн хүмүүс байгаа юм. Тухайлбал, Х.Баделхан гишүүний өөрийн орлого нь 2019-2021 онд 9.6 дахин өссөн бол хадгаламж нь 1.6 дахин өсөж, 443 сая төгрөг болсон байна. 

УИХ-ын гишүүн С.Амарсайханы орлого буурч, хадгаламж болон бусад үзүүлэлтүүд өсөөгүй. Гэхдээ 2020 онд буюу ковидын цар тахалтай жилд өөрийн орлого нь 1,817,411.03 буюу 1.8 тэрбум орчим болж огцом өсөөд 2021 онд эргээд буурчээ. 

Б.Дэлгэрсайхан гишүүний өөрийн орлого 3 тэрбум байсан бол таван тэрбум болж, хадгаламж нь хоёр тэрбум байсан нь дөрвөн тэрбум төгрөг болж тус тус өсжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн орлого 37 сая төгрөгөөс 367 сая төгрөг болж өссөн бол хадгаламж нь 22 саяас 107.9 сая төгрөг болж нэмэгдсэн айна. 

Н.Учрал гишүүний өөрийн орлого 222 сая төгрөгөөс 803.9 сая болж мөн өссөн байна. 

Ж.Чинбүрэн гишүүний өөрийн орлого 72.6 сая төгрөг байснаас 2021 оны байдлаар 225.5 сая төгрөг болж өсжээ. 

УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн өөрийн орлого таван тэрбум байсан нь 8.7 тэрбум болж өссөн бөгөөд 4.9 тэрбум төгрөгийн авлагатай болж нэмэгджээ. Харин хадгаламж нь 14 сая төгрөг болж, дөрвөн сая төгрөгөөр өссөн байна. 

УИХ-ын гишүн Ц.Идэрбатын эзэмшдэг компани, хоршоонд өөрчлөлт ороогүй буюу Хэнтий ТВ-д хувь эзэмшдэг бөгөөд гэр бүлийн орлого өөрчлөгдөөгүй байна. Харин зээл нь 120 сая төгрөгөөр нэмэгдсэн ч орон сууц нь 266 саяас 795 сая төгрөг болж хагас тэрбум төгрөгөөр өсжээ. Мөн хурдын удмын 7 адуу, 11 үхэртэй болсон нь хурдын удсын адуу нь 20 болж нэмэгдсэн, хадгаламж нь гурав дахин өсөж 41.6 сая төгрөг болсон бол авлага нь 58 саяас 118 сая болж мөн өсжээ. 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын ХОМ-ээр гишүүн болохоосоо өмнө 100 сая төгрөгийн орон сууж, үл хөдлөхтэй гэж мэдүүлж байсан бол 2021 онд 583 саяын үнэлгээтэй болсон байна. Гэр бүлийн орлого нь 611 сая төгрөг байснаас 548 сая болж буурсан, хадгаламж нь бага зэрэг өссөн бөгөөд өрийн хэмжээ хэвээр байна. 

Нийтлийн эхэнд дурдсанчлан УИХ-ын давхар аж ахуй эрхлэхийг хуулиар хориглодог. 2016 онд сонгогдон гишүүн болоод хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн УИХ-ын гишүүдийн талаар тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд мэдээлж байсан ч холбогдох байгууллагууд ямар нэгэн хяналт явуулж, арга хэмжээ аваагүй. Харин олон жилийн дараа ийнхүү нүүрсний гэх хэрэг ил болсноор зарим гишүүний хөрөнгө өссөн шалтгаан ил болох гэж байх шиг байна. 

Түүнээс гадна УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө шударгаар, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлдэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч тодорхой хязгаарлалтуудыг оруулсан байдаг. Гэсэн өндөр ашиг орлого олсоор байгааг анхаарахгүй орхиж болохгүй мэт. Ялангуяа, УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн хороо шалгадаг биш, шалгах эрхийг хуулийн байгууллагад өгөх нь тохиромжтой болов уу. Ингэж байж тухайн өндөр албан тушаалтан үндэслэлтэй хөрөнгөжиж байгаа эсэхийг хамааралгүйгээр хянах боломж бүрдэж мэдэх юм. 


Бэлтгэсэн А.Нямаа