УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс гаргаад буй.

Үүний дагуу УИХ-ын Ёсзүйн дэд хороо хуралдсан ч нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж хурлыг хойшлуулсан юм.

Уг асуудлаар "Бид уучлахгүй" хөдөлгөөн хэвлэлийн хурал хийлээ.

"Бид уучлахгүй" ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Цэнд-Аюуш:

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн жилийн орлого гишүүн болохоосоо өмнө 30 сая төгрөг байсан бол өнгөрсөн жилийн ХОМ-ээс үзэхэд хэд дахин өсөж 461 сая төгрөг болсон. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэхэд 368 сая төгрөгийн зээл авсан тухайгаа ярьсан шүү дээ. Гэтэл ХОМ дээрээ түүнд ямар ч үл хөдлөх, барьцаа хөрөнгөгүй гэжээ. Мөн л УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 130 сая төгрөгийн орлоготой байсан бол одоо нэг тэрбум 53 сая болтлоо өссөн байгаа юм.

УИХ-ын ёс зүйн дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ:

Энэ асуудлаар хуралдах гэсэн боловч хоёр ч удаа хойшиллоо. Иймээс энэ асуудлыг хууль зүйнх нь талаас өөрчлөе саналыг залуус гаргаж байна. Би үүнийг анх уулзсан цагаасаа дэмжиж ирсэн. Шаардлагатай бол хууль санаачлана. Ер нь УИХ-ын УИХ-ын ёс зүйн дэд хороо хэдхэн удаа хуралдаж ирсэн юм билээ. Эргээд харвал 1996-2000 идэвхтэй, түүнээс хойш 2-3 удаа л хуралдсан байдаг. 

УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах есөн гишүүн байдаг юм.

1.Б.Бат-Эрдэнэ

2.Х.Баделхан

3.С.Бямбацогт

4.Г.Тэмүүлэн

5.Л.Мөнхбаатар

6.Б.Наранхүү

7.Д.Сарангэрэл

8.М.Энхболд

9.Д.Эрдэнэбат

"Бид уучлахгүй" хөдөлгөөн тэргүүн Мөнхцэлмэг:

Нэр бүхий гишүүдийн ХОМ-ийг үнэн зөв бөглөсөн эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх эх үүсвэрийг шалгах эрх нь байгаа эсэх талаар АТГ-т бичиг илгээсэн. Бидэнд АТГ-аас ирүүлсэн бичигт "Бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг бүртгэж хадгалдаг болохоос биш шалгах эрх байдаггүй" гэсэн бичиг ирүүлсэн. Энэ бол нэг төрлийн хуулийн цоорхой. Тиймээс бид төрийн гурван өндөрлөгт хандаж хуулийн өөрчлөлт хийх саналаа хүргүүлсэн.

Та бүхэн УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хараарай. Жирийн төрийн албан хаагчийн ХОМ өссөн бол АТГ шууд шалгадаг. Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүдийг АТГ шалгаж чаддаггүй. Хуулиараа шалгадаг газар нь УИХ-ын ёс зүйн дэд хороо хянадаг хуультай. Энэ бол шууд ашиг сонирхлын зөрчилтэй асуудал. Хууль нь буруу учраас гишүүд нэгнээ хайцаалдаг эсвэл аль нэг асуудлаар нь барьцаалж байна.

Ёсзүйн дэд хороо ч мөн мөрдөн шалгах газар биш учраас хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Гэтэл Авлигын эсрэг хуульд өөрчлөлт хийх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өөрийнх нь орлого 15 дахин, гэр бүлийнх нь орлого 5 дахин нэмэгджээ.  2015 онд 29 сая байж байгаад 449 сая болж өссөн байгаа юм. Орон сууцгүй, машингүй байж байгаад хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэх үл хөдлөх авчээ.

Энэ хүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг 10 сарын өмнө гаргасан ч огтхон ч шалгаагүй. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөд мөн эрх ашгийн зөрчил үүсэх вий гэж хардаж байна.