Украинаар дамжин Европ руу нийлүүлдэг Оросын байгалийн хийн хэмжээ багасч эхэллээ

Л.Дэлгэрмаа
05 сарын 12, 2022

Оросын Интерфакс агентлаг Украины нутгаар дамжуулан Европ руу нийлүүлдэг ОХУ-ын байгалийн хийн хэмжээ өмнөх өдрөөс 16.2 сая шоо метрээр буурсан тухай мэдээлжээ. 

Оросын байгалийн хийн Газпром төрийн өмчит компанийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Куприянов хэлэхдээ, "Оросоос 88.2 сая шоо метр хий Украины нутгаар дамжин Европ руу нийлүүлсэн ч Европын тал 72 сая шоо метр хийг хүлээн авсан" гэжээ. 

Харин Украины талаас Оросын Ростов мужийн өмнөд хэсэгт байрлах Сохрановка баазаар дамжин Донбасс-Луганск мужаар дайран өнгөрдөг хийн хоолойг өчигдрөөс эхлэн зогсоож, ОХУ-ын баруун хэсэгт орших Курск муж дахь Судза баазыг Украины Суми мужтай холбосон хоолойг ашиглахаар болсон гэж тайлбарлажээ.

Украины тал байлдааны бүс болох Донбасс, Луганск мужаар дайран өнгөрдөг Сохрановка хоолойг хяналтаасаа бүрэн алдсан тул ийн шийдвэрлэжээ.

Сохрановка хоолой нь өдөрт 32.6 сая шоо метр байгалийн хий тээвэрлэдэг ба энэ нь Украинаар дамжин Европ руу нийлүүлэгдэж буй Оросын байгалийн хийн гуравны нэгтэй тэнцдэг аж.

Эх сурвалж: Asiae

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.