Х.Оргил
12 сарын 13, 2021
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхайн үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.
Сайжруулсан түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж байна
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн орлогын биелэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар хотын төсөв 17 тэрбум төгрөгийн тасалдалттай байгаа аж. Дүүргүүдээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэг төсвийн орлогын тасалдалттай, бусад дүүрэг төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлсэн дүнтэй байна. Сайжруулсан түлшний 600 борлуулалтын цэг ажиллаж, өдөрт дунджаар 3200-3800 тонн түлш борлуулж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, жолооч нарын харилцаа хандлагад анхаарах үүрэг өгсний дагуу давхардсан тоогоор 16 мянга гаруй тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал хийжээ. Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан 9005 тээврийн хэрэгсэл, автобусны зогсоол дээр зогссон 705 тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцжээ. Нийслэлийн хэмжээний төрийн албан хаагчдын нэгдсэн систем буюу ERP-гаар нийтдээ 8721 үүрэг даалгавар өгөгдсөнөөс 87 хувийн гүйцэтгэлтэй биелсэн гэсэн дүнг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.
Нийслэл хот шар бүсэд шилжихэд ойрхон байна
Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа өгүүлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн мэдээллээ. Тэрбээр:
-Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн орны ачаалал буурч, эргэлт сайжирсан тул хувийн эмнэлгүүдэд дэлгэсэн орыг буулгаж, хэвийн горимд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 28.1 хувь, зорилтот бүлгийн 39.1 хувь, 18-аас дээш насны хүн амын 44 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бий гэлээ.
Дүүргүүдийн удирдлагууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн тухайд төрийн байгууллагууд, тэр дундаа цэцэрлэгийн багш нарын 88 хувь, сургуулийн багш, ажилчдын 68 хувь нь нэмэлт III тунд хамрагдаад байгаа бол Баянзүрх дүүрэгт зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан байна. Чингэлтэй дүүрэгт өдөртөө 400-900 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэдийн 33 хувь нь, зорилтот бүлгийн 44 хувь нь нэмэлт тун хийлгэж, Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 хувийн хамрагдалттай байна. Харин Баянгол дүүрэгт 52.1 хувьд хүржээ. Тус дүүргийнхэн “Хархорин”, “Барс” худалдааны төв зэрэг олны хөл ихтэй газруудад дархлаажуулалтын баг ажиллуулсан нь үр дүнд хүрсэн гэдгийг онцолсон.
Алслагдсан гурван дүүргийн тухайд нэмэлт дархлаажуулалт 50 хувьд хараахан хүрээгүй байна. Налайх дүүргийн иргэдийн 94 хувь нь бүрэн тунд хамрагдсан бол нэмэлт тунг хүн амын 46 хувь нь л хийлгэжээ. Тус дүүргийн төрийн байгууллагын ажилтнуудын 95 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. Багануур дүүрэгт бүрэн тун 96 хувь, нэмэлт тун 45.6 хувьтай байгаа бол Багахангай дүүргийн тухайд бүрэн тун 80 гаруй хувьтай, нэмэлт тун 40 гаруй хувьтай байгаа аж. Иргэдийн дунд нэмэлт тунгийн үйлчилгээний талаар буруу ташаа ойлголт түгээмэл байгааг дүүргүүдийн Засаг дарга нар хэлж байлаа. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын зүгээс нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчилбэл дархлаажуулалтын хувь нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн ажил, амьдрал хэвийн горимд шилжихэд тун ойрхон байгааг онцлоод, дүүргүүд энэ долоо хоногтоо багтан нэмэлт тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэх хэрэгтэйг тодотгов.
Цэцэрлэг, сургуулийн шугам сүлжээг доголдолгүй болгожээ
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг засварлаж дуусгахыг үүрэг болгосон. Тэдгээрээс Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн гадна шугамын ажил тодорхой шалтгааны улмаас хийгдээгүй үлдсэн байна. Бусад цэцэрлэг, сургуулийн инженерийн шугам сүлжээг засварлаж дууссан байна.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд хотын дулаан, ус хангамжтай холбоотой 11 удаагийн түр зогсолт бүртгэгджээ. Тэдгээрээс хамгийн хүндрэлтэй нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Оч гялс өргөө” ОСАК-ийн хариуцсан шугамд доголдол гарч, бохир усыг машинаар зөөвөрлөхөд хүрснийг онцоллоо. Шугам сүлжээний доголдлоос үүдэн бохир ус авто зам руу хальсныг цэвэрлэж ариутгажээ. Шинэ насос тавьсан тул тус газарт бохир дахин халихгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Цаашдаа нийслэлээс Яармаг чиглэлд тавьж буй 600-ийн шугам ашиглалтад орчихвол дээрх шугам сүлжээ асуудалгүй хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.
Нийт 82 төрлийн үйлчилгээ, зөвшөөрлийн 59-ийг нь цахимд шилжүүлнэ
Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан. Энэ чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргүүдийг шилэн кабельд холбох, өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдалд онцгойлон анхаарах, иргэдэд олгож буй зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэх ажил ямар түвшинд өрнөж байгааг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа.
Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга:
-Барилга байгууламжийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг судалж, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх оноос эхлэн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлах ажлыг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа гэлээ.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй болгож, цахимд шилжүүлэх, хуульд нийцээгүй заримыг нь цуцлах зорилгоор олон чухал ажлыг хийж гүйцэтгэхээр нийслэлийн удирдлагууд зорьж буй. Нийслэл болон дүүргүүдээс нийтдээ 82 төрлийн зөвшөөрлийг иргэдэд олгодог. Эдгээрээс 59 төрлийн зөвшөөрөл болон үйлчилгээг цахимд шилжүүлэхээр бэлтгэлийг бүрэн хангажээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийтдээ 59 үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлнэ.
Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байхыг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
-Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг арванхоёрдугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх.
-Нийслэлийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
-Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.
-Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 15 дугаар тушаалын дагуу сайжруулсан түлшний нөөц, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлүүлэхгүй байх болон коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах.
-Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс сурагчдын улирлын амралт эхлэх хүртэл хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.
-2022 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байхад онцгойлон анхаарахыг үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.