Х.Оргил
07 сарын 13, 2019
Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагналуудын нэг болох "Тоёота" цомийг Хүй долоон худагт болсон Уяачдын наадмын үеэр гардууллаа.
“Тоёота” цом гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Наадмын түрүү бөх Э.Оюунболдод маань "Тоёота Мотор Корпораци" цом гардуулж байгаад нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье" гэв.
ТОЁОТА ЦОМ нь Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн аж.
Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур 4-н багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан.
Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билиг зүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн билээ. Тухайлбал: Таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд 4 зүгийг эрхшээхийн билэгдэл, баяр жаргалтай байж урт удаан наслах, айл гэрийн энх амгалан бат бэх байх, олз омог хүсэл тэмүүлэл хүн бүхэн аз жаргалтай байхыг билэгдэхийн зэрэгцээ хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээсэн.
Энэхүү цомыг дөрвөн монгол дархан хоёр сарын хугацаанд урлажээ. “Тоёота” цом нь шилжин явахгүй, түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана гэдгээрээ ихээхэн онцлог юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.