Дрон болон бусад жижиг овор хэмжээтэй алсаас удирддаг нисэх төхөөрөмжөөр үйлдэх террорист халдлагын эсрэг авах арга хэмжээг боловсронгуй болгохоор шийдвэрлэсэн тухайгаа БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлэв.

Сүүлийн үед ийм төрлийн хэрэгслийг террорист халдлагад түгээмэл ашиглах болсон байна.

Өнгөрсөн сарын эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог цэргийн ёслолд оролцож байх үед дрон ашиглан амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан билээ.  

Өнөөдөр буюу даваа гарагт Өмнөд Солонгосын цагдаагийн газар, зэвсэгт хүчин болон тагнуулын ерөнхий газар зэрэг терроризмтэй тэмцэх асуудал эрхэлсэн яам, агентлагуудын төлөөлөгчид уулзаж, дронын халдлагаас хамгаалах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна.

“Энэхүү уулзалтаар дроноор үйлдэгдэж буй террорист ажиллагааны эсрэг авах арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх болон тоног төхөөрөмжүүдийг бэлтгэх талаар хэлэлцэж, холбогдох агентлагуудын төлөөлөгчид тэдгээрийг ажил хэрэг болгохын тулд хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж Өмнөд Солонгосын засгийн газрын Бодлого зохицуулалтын газар мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг