Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 03, 2019
Өчигдөр Өмнөговь аймгийн Төхөм багийн ”Хараат-Уулын хэц” гэдэг газар 5,5 магнитудын газар хөдлөлт болсон талаар earthquakenewstoday.com мэдээлжээ.
Газар хөдлөлт газрын гүний 10 км орчимд болсон байна. Дөрвөн жилийн өмнө тус газар 4.2 магнитуттай газар хөдлөлт болж байсан юм.
Энэ талаар Шинжлэх ухааны академийн Одон орон,геофизикийн судалгааны төвөөс тодруулахад "Өмнөговь аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайд 4.55 магнитудтай газар хөдлөлт болсон. Олон улсын мэдээнээс зөрөх тал бий" гэв.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор Ч.Одонбаатараас тодруулахад
"Өмнөговьд өмнө нь нэлээн хэдэн удаа газар хөдлөл бүртгэгдэж байсан. Хамгийн хүчтэй нь 1903 онд бүртгэгдсэн. Энэ удаагийн газар хөдлөлт газрын 10 км орчимд болсон. Газар хөдлөлтийг ажиглаж байхад хот суурин газраас хол уул нуруудаар болж байна. Цамбагарав уулын ойролцоох газар хөдлөлт гэхэд зургаан баллын хүчтэй болсон удаатай. Тухайн үед цасанд 20 гаруй адуу дарагдаж үхсэн байдаг. Ойрхон хот суурин газар байсан бол хүнд хэцүү байдалд орно гэсэн үг. Өнгөрсөн зуунд манай улсад найм магнитуд хүрсэн дөрвөн ч удаагийн газар хөдлөлт болсон удаатай. Говь-Алтайн, Булнайн, Монгол-Алтай газар хөдлөлт хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог. 1905 онд булнай болон цэцэрлэгт 14 хоногийн зайтай магнитуд 8-тай 2 газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтөөс үүссэн хагарлын урт 370 км хүртэл үргэлжилдэг" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.