Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.

Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.5 хувийн биелэлттэй байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. 2022 онд нийслэлийн хэмжээнд төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үүрэг өгсөн. Гуравдугаар сард нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө амжилттай биелж буй ч хоёрдугаар сарын хувьд Багахангай дүүргээс бусад дүүргийн төсвийн орлого тодорхой хувиар тасалдсан байна.