Өнөө үед хүмүүс амьдралын зөв хэвшлийг эрхэмлэж, амар тайван, эрүүл энх амьдралыг илүүтэй чухалчилдаг болсон. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед эрүүл мэндийн мэдлэг олгох, шинжлэх ухааны үндэслэлтэй номууд эрэлттэй байгаа. 

Энэ удаа бид стресс гэж юу вэ. Түүнийг хэрхэн мэдэрч зохицуулж сурах, шим тэжээл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг зэрэг маш олон мэдлэгийг агуулсан сонирхолтой, энгийн тайлбартай ч бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй агуулгаар  дүүрэн  “Аз жаргал ба Стресс” номыг танилцуулж байна. 

Хувь хүний амьдралын хэв маяг, удамшил, хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн байгууллагуудын чадамж гэсэн дөрвөн чухал хүчин зүйл эрүүл мэндэд шууд нөлөөлдөг байна. 

Харин манай орны хувьд эрүүл мэндийн үзүүлэлтээрээ тийм ч сайнгүйд ордог. Тиймээс зохиогчид эрүүл мэндийн боловсролыг нэг шатаар ахиулах зорилгоор тус номыг бүтээжээ. 


Номын талаар зохиогчдын нэг Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа Монголд эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг цогц байдлаар авах боломж хомс байгааг анзаарч энэхүү номыг мэргэжлийн багтай хамтран гаргасан талаар дурджээ. Сонирхуулахад тэрбээр өмнө нь мөн л эрүүл мэндийг боловсролыг дээшлүүлэх зорилгоор  "Ухаалаг  ходоод" номыг хэвлэн гаргасан юм.


Манайхан ам дамжсан худал үнэн мэдэгдэхгүй эмчилгээ хийдэг нь эргээд хор болдог, эрүүл мэндээрээ хохирдог олон жишээ бий. Бас турах гэж амь насаа золин зүтгэдэг хүмүүст шинжлэх ухааны үндэстэй эдгээр мэдээлэл заавал унших гарын авлага болох нь ээ.  

Хүн бүхэн аз жаргалыг эрж хайдаг хэрнээ агшин зуурын аз жаргалтай мөчөө тэр бүр мэдэрч, анхаарч чаддаггүй. Саяхан дэлбээгээ нээсэн цэцэг, дэргэдүүр өнгөрсөн хүүхдийн инээд хөөр, дотны хүмүүсийн инээмсэглэл, хайртай хүнтэйгээ өнгөрөөж буй үдэш, уншиж буй ном бүхэн аз жаргалын элемент. Талархах баясах шалтгаан амьдралд дэндүү олон. 

Энэ бол энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрч, амьдралаас таашаал авч, талархах урлаг билээ. Үүн дээр заавал мартаж болохгүй зүйл бол зөв зохистой хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг төдийлөн анзаардаггүй зүйлс бие физиологид нөлөөлж, аз жаргалын даавруудыг ялгаруулж байдаг аж.  

Энэхүү ном нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. 

Эхний хэсгээс та Стресс гэх ойлголтын талаар, түүнийг үүсгэх обьектив хүчин зүйлсийг илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Мөн өөрийгөө стресст орсон эсэхийг мэдэж болох бөгөөд танд туслах сорилт ч бий. Стрессийн хэмжээнээс хамаараад өөрийгөө анагаах, стрессээс ангижрах сонирхолтой зөвлөмжүүдийг тусгажээ.

Хоёрдугаар хэсгээс та бодисын солилцоо, шим тэжээлийн тухай бүрэн ойлголт авч чадна. Хоол ба аз жаргал, эрүүл мэндийн хооронд ямар уялдаа холбоо байгаа талаар сонирхолтой, шинжлэх ухаанч мэдээллийг хүргэжээ. 

Сэmгэл хөдлөл гэдэг хүний амьд яваагийн илрэл. Гэхдээ юунаас болж баярлаж эсвэл гомдож байгаа буюу сэтгэл хөдлөлөө танин мэдэж байж стрессээс ангижрах боломжтой билээ. Монголчууд бид стрессдэж бухимдаж байна гэж ярих болсон, мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө болсон нь ч сайшаалтай. Гэхдээ үнэндээ ямар сайн эмч таны стрессийг шууд анагааж чадахгүй. Бид учир шалтгааныг өөрийнхөө дотроос эрэх учиртай. Оршихуйгаа олж, амьдралын шинэ хэв маягийг эрэлхийлэх эрэл хайгуул хийх ёстой. 

Номын зохиогчдын танилцуулга

 Магадгүй "Аз жаргал ба стресс" номоос бэлэн ганцхан супер аргаар бүх асуудлаа шийдчихнэ гэж бодож байгаа бол эндүүрэл гэж хэлэх байна.

Стрессийг даван туулах, бууруулах, аз жаргалын дааврыг нэмэгдүүлэх  олон арга, аргачлал гэж бий. 

Энэхүү номонд энэхүү 100 гаруй аргыг багтаажээ. Тухайлбал стрессийг бүрэн танин мэдэж, ангижрах, өөртэйгээ тулан ажиллах зэрэг арга аргачлалуудыг цэгцтэйгээр багтаажээ. 

Энэхүү номоос биеийнхээ эзэн хүн та хичээн судлах ёстойг, тууштай дадал зуршилтай байх ёстойг танин мэдэх болно. 

Мөн ямар хоол хүнс хэрэглэснээр аз жаргалын дааврыг нийлэгжүүлэх боломжтойг ч бас тодорхой дурджээ.

Хэрвээ хооллох зуршлаа танин мэдэж чадвал амьдралаа өөрчилж, стрессээс ангижирч, аз жаргалаа мэдэрч амьдрах тийм ч хэцүү биш аж. 

Үнэндээ стресс гэдэг бидэнд гаднаас ирдэг хүчин зүйл биш өөрийнхөө оюун бодлоо цэгцлээгүйн үр дагавар гэлтэй. Хүн өөрийнхөө биеийг танин мэдэж, тэнцвэртэй хооллож чадвал эрүүл чанартай амьдрах бүрэн боломжтой талаар дурджээ.


“Аз жаргал ба Стресс” номоос онцлох эшлэлүүд


Хэн байх, хаана амьдрахаас үл хамааран хүн бүхэн хайрлуулж окситоцин, дасгал хөдөлгөөн хийж эндорфин, урам авч дофамин, салхинд алхаж серотонин дааврыг ялгаруулж аз жаргалыг мэдэрдэг.

Шүүмжлүүлэх эсвэл асуудалтай тулгарч даван туулахаар тэмцэх үед бид тодорхой хэмжээгээр стресст ордог. Энэ үед норадреналин хэмээх даавар ихсэж тархины холбоосыг идэвхжүүлснээр бүтээлч байдал, Ой санамжийг нэмэгдүүлдэг. Стресст давуу тал байдаг байх нь.

Олимпийн тэмцээнд оролцдог тамирчдын амжилтанд био хэмнэл нөлөөлдөг тул нойр, хоолны  дэглэм, сэтгэл хөдлөл, сэтгэл зүйг энэ хэмнэлд тааруулж бэлтгэдэг.

Шийдэхэд төвөгтэй асуудлыг сайн унтаж амарснаар хялбар шийдэх чадвар эрс нэмэгддэг.

Амин дэмээр баялаг шимтэй хоол хүнс хэрэглэсэн ч ус хангалттай хэмжээгээр ууж хэвшээгүй бол шим тэжээлийн бодис эд, эсэд хүрч чадахгүй.

Бүдүүн шулуун гэдэсний хавдар үүсэх нь мах тэр дундаа нөөцлөгч бодистой/нитрит/ махны хэрэглээтэй холбоотой.

Амьтны гаралтай өөх тоснуудаас хонины сүүл, өвчүүний хэрсэн, адууны өөх нь ханаагүй тосны хүчлийн агууламж харьцангуй өндөр тул хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй. 

Аз жаргалын дааврууд зөвхөн тархинд үүсэхгүй, гэдсэнд ч мөнадил үүсдэг тул хоол хүнсэндээ анхаарах нь чухал.

Стресс гэдэг үгний цаана энгийн асуудлууд шийдвэрээ хүлээгээд байж байдаг. Харин тухайн асуудлыг хэр эерэгээр хүлээн авч шийдвэрлэж буйгаас шалтгаалан асуудлын хүнд хөнгөний зэрэг нь тодорхойлогддог. 

Эрүүл амьдралын хэв маяг, зохистой зөв хооллолт, эрүүл мэндийн мэдлэгийг эрхэмлэгч хэн бүхэнд энэхүү номыг санал болгож байна.