БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. Гэвч 15 жилийн дараа 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-д элссэн түүхтэй.

Түүхийг хуудсыг эргэн сөхвөл:

1946 онд НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин гаргав.

НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдож байсан боловч Монгол Улсын төр засаг, ард түмэн энх тайвны төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байв. 

1950 оны дөрөвдүгээр сард БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид Энх тайвны талынхны их хурлын байнгын хорооны анхаарал бичгийг зөвшөөрөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн тунхаг гаргав. 1949 онд Монголын энх тайвныг хамгаалагчдын бага хурал, 1950 оны 10 дугаар сард энх тайвны талынхны бүх Монголын үндэсний анхдугаар их хурал хуралдаж, Энх тайвныг хамгаалах Монголын үндэсний хороог байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1951 оны хоёрдугаар сард дайны тухай суртал нэвтрүүлэг хийхийг хориглосон “Энх тайвныг хамгаалах тухай хууль” гаргасан байна.  БНМАУ-ын зүгээс гаргаж буй энх тайванч санал санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байлаа.

1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. 

Харин 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзлэх түүхэн чухал үйл явдал болсон юм. БНМАУ нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсний дайтай үйл явдал болсон хэмээн судлаачид үздэг. 


Г.Мягмарсамбуу