Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудаа санхүүжүүлэх нэгдсэн санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж байна

Монгол Улс болон хөгжиж буй дэлхийн олон оронд үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх нь томоохон сорилт болж байгаа билээ.

Тэгвэл боломжит шийдэл, олон улсын шалгарсан туршлагыг хэлэлцэх зорилгоор Засгийн газар, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан тэргүүтэй НҮБ-ын байгууллагууд хамтран “Ирээдүйгээ санхүүжүүлье: “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт семинарыг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагчид, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн зочид төлөөлөгчдөд зориулан зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021-2030 онуудын хооронд бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 их наяд төгрөг шаардлагатай байгаа нь Монгол Улсад нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр ихээр шаардлагатай байгааг илтгэж байна. 

Сангийн дэд сайд С. Мөнгөнчимэг “Бид хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ санхүүжүүлэхэд дан ганц төсвийн санхүүжилт хангалтгүй учраас Засгийн газар, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүд бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн эх үүсвэрээ хооронд нь уялдуулах, санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв. 

Семинарын гол сэдэв болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо (ҮСНТ)-г Монгол Улс болон дэлхийн 80 гаруй улсууд боловсруулж байгаа юм. 


НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра ҮСНТ-ны ач холбогдлыг онцлон тэмдэглээд, “Монгол Улс ҮСНТ-гоор дамжуулан олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэйгээ уялдуулах, тогтвортой хөгжлийн төлөө санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг дайчлах, тэр дундаа энэ чиглэлд хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар цаашдын хөгжлийн замаа тодорхойлох боломж бий” гэв. 

“Европын холбоо ҮСНТ-ны платформийг анх Аддис Абаба хурлаас 2015 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улс болон олон улсад платформийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. 

Энэ чухал цаг үед ҮСНТ нь Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудаа санхүүжүүлэх хүрээнд төрийн төлөвлөлтийн үйл явцыг бэхжүүлэх, тулгамдаж буй сорилтуудыг илрүүлэх, даван туулахад дэмжлэг үзүүлэх юм” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз арга хэмжээний нээлтийн үеэр онцлов. 

Семинарын үеэр ҮСНТ-г бүрдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй олон чухал ажлуудыг танилцуулсан ба үүнд дөрвөн яаманд амжилттай туршсан үр дүнд суурилсан болон ТХЗ-д нийцүүлсэн төсөвлөлтийн талаар, ТХЗ-ын гүйцэтгэлийн аудитын туршилтыг Үндэсний Аудитын газарт амжилттай туршсан талаар, Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлууд танилцуулагдсан. 

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр ТХЗ-ын Санхүүжилтийн Таксономи, ТХЗ-ын Хөрөнгө оруулагчдын зураглал, ТХЗ-той нийцсэн бондын хүрээ болон түүний суурь судалгаа, Гадаад өрийг уур амьсгалын хөрөнгө оруулалтад дүйцүүлэн шилжүүлэх хэлцлийн судалгааг хөгжүүлж байгаа талаар мөн танилцууллаа.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.