Оном сангаас АШУИС-ийн эмнэлэгийн санхүүжилт, хууль зүйн орчныг цогцоор нь шийдэх талаар нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уриалга гаргалаа.Уриалгыг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт хаяглажээ.

    УРИАЛГА

Улсын эрдэнэ болсон хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нь монгол төрийн эрхэм үүрэг билээ. Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “...Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангана...”, “...Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж...судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж тус тус заасан.

Тэгвэл энэ зорилтыг бүрэн дүүрэн ханган биелүүлэхэд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх оюуны их уурхай, Монголын анагаах ухааны гал голомт болсон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) маш чухал үүрэгтэй. Тэр дундаа тус сургуулийн дэргэдэх Япон Улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлэг онцгой ач холбогдолтой юм.

Харамсалтай нь сүүлийн үед Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн харъяалал, бүртгэл, төсөв санхүүжилт, буруу менежменттэй холбоотойгоор тус эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа тѳсѳв мѳнгѳний нэн хурц дутагдлаас болж алдагдаж, шинээр баригдсан эмнэлэг хаалгаа барихад тулаад байна. Энэ нѳхцѳл байдал нь цаашид даамжирвал, сургаж дадлагажуулсан мэргэжлийн боловсон хүчин тал тал тийш сарниж, эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж нь ашиглагдахгүй сул зогссоноос болж эвдрэх, эмнэлгийн зориулалттай баригдсан барилга байгууламж нь тоногдох тун эмгэнэлт байдалд хүрэх нѳхцѳл үүсээд байна.

Өөрсдөө барьж байгуулж чаддаггүй юмаа гэхэд Монголын ард түмэнд зориулж бусдын бүтээж, босгож, буцалтгүй тусламжаар барьж байгуулж өгсөн энэ том бүтээн байгуулалтыг үрэн таран хийж салхинд хийсгэх эрх хэнд ч байх ёсгүй хэмээн санана.

COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 коронавирүсийн халдвар дэлхийн 100 гаруй улс оронд тархаж, дэлхий нийтийг түгшээж буй энэ эгзэгтэй цаг үед Монгол Улс анагаахын шинжлэх ухааны амин зүрх болсон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хэтийн ирээдүйг бодсон уг эмнэлэг тогтвортой ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүжилт, удирдлагын оновчтой шийдвэрүүдийг маш хурдтай гаргах нь туйлын чухал байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашиг, Монголын анагаахын шинжлэх ухааны хөгжлийн өнөө ба хэтийн ирээдүй, эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээ, хүний хөгжлийн чадавхийг олон улсын түвшинд хөгжүүлэх эрхэм зорилгын тусын тулд Монгол Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳл, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ асуудалд нэн даруй анхаарал хандуулж зөв мэргэн шийдвэр маш хурдтай гаргахыг уриалж байна.

УРИАЛГА ГАРГАСАН

ОНОМ САН

2020 оны 03 сарын 09

Улаанбаатар хот, Монгол Улс