Орос улстай сөргөлдсөнөөс нөхөрлөх нь илүү дээр гэдгийг Америк болон Европын орнууд ойлгоно гэж найдаж байна хэмээн Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлжээ.
 
“Орос болон Өрнөдийн орнуудын хурцадмал харилцаатай байдал үүрд мөнх үргэжилнэ гэж би бодохгүй байна. Биднийг юунд буруутай вэ гэдгийг эцэс төгсгөлгүйгээр тайлбарлахаас илүүтэйгээр хоорондоо харилцаж, нөхөрлөх нь илүү дээр гэдгийг Европын хөршүүд маань ойлгож ухаарна гэж бодож байна” хэмээн Д.Медведев  "Коммерсантъ" сонинд ярилцлага өгөхдөө ярьжээ.
 
Түүнчлэн дипломатуудыг улс орноосоо явуулах, элдэв янзын хязгаарлалтын болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх алхмуудыг Өрнөдийн орнууд л эхлүүлсэн гэдгийг Оросын ерөнхий сайд сануулан дурджээ.
 
Гүржтэй сөргөлдөхөөс өмнө ОХУ-ын дэвшүүлсэн европын аюулгүй байдлын талаархи гэрээнд гарын үсэг зурах санааг сэргээх боломжтой эсэхийг сэтгүүлч асуухад тэрбээр хариулахдаа “Олон улсын амьдралд үүрд мартагддаг зүйл гэж байдаггүй. Хүсэл байвал бүх зүйлийг сэргээж болно” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг