УИХ-аас баталсан зарим хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-аас Ерөнхийлөгчид энэ сарын 14-нд ирүүлсэн Авлигын эсрэг хууль, энэ сарын 18-нд ирүүлсэн Шүүхийн тухай багц хууль, мөн Монгол Улсын Засаг захиргаа, түүний нэгж, удирдлагын тухай хуулийн тодорхой заалтуудад Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьжээ.

Шүүхийн тухай багц хуульд яагаад хэсэгчилсэн хориг тавьсан талаар  Ө.Шижир "Тус хуулийн төслийг УИХ батлахдаа эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлж, шүүхийг өөрсдийн эрхшээл, нөлөөнд автуулах зорилгоо уг хуулиар баталгаажуулж байна. Яагаад гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан УИХ-аас томилдог байх заалтыг оруулсан байна. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас шууд хараат байгууллага болно гэж үзэж байна. Улмаар шүүхийн бие даасан, хараат бус байдал, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөөлөл орно" хэмээлээ.

Мөн тэрээр "Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд Засаг даргыг огцруулна" гэсэн нь Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд огцруулах боломж бүрдэж байна. Энэ нь орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдаж буй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавилаа" хэмээн мэдээллээ.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд ямар үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавьсныг ЭНД дарж уншина уу.