Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 23, 2022
Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой “Өсвөрийн парламент”-2021 хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Уг хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 сурагчид оролцсон бөгөөд энэ намраас үргэлжлэн хэрэгжих юм байна.
“Би өдөр тутмынхаа эрч хүч, энергийг хүүхдүүдтэй ярилцаж авдаг. Дохионы хэл тэдэнтэй илүү дотно харьцаж, биенээ ойлгоход маань тусалдаг” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн ярих түүнийг Дашдоржийн Бямбадорж гэдэг. Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд сурдаг. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй. Үүнээс болоод үл ойлголцох тохиолдол цөөнгүй гэнэ.
Бичлэг үзэх:
"Тэр үед нь хүлээцтэй хандаад шалтгаанаа тайлбарлахыг хүсдэг. Чанга яриарай, зарим үгийг чинь ойлгохгүй байна шүү гээд хэлэхээр намайг ойлгож сайхан сэтгэлээр ханддаг хүмүүс олон бий.” гэж ярилаа.
Мөн тэрбээр “Сонсголгүй ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү зарим хүүхдүүд гайхаж, хачирхсан харцаар хардаг. Нэг бол өрөвдөөд байгаа ч юм шиг. Бидэнд хүмүүстэй харилцахад жаахан л хүндрэлтэй болохоос тэгж их анхаарч, ялгах хэрэггүй шүү дээ” гэж онцлоод
“Хэдийгээр би сонгол муутай ч дохионы хэлийг сайн эзэмшсэн. Үүнийгээ давуу тал болгож гараар дохиход л болно. Харааны хурд сайн болохоор дохионы хэлээр ярих үедээ хоромын дотор л ойлголцчихно. ” гэж хэлэхийг хүсдэг хэмээн ярилаа.
Д.Бямбадорж хүмүүстэй харилцах, үзэл бодлоо хуваалцах тун дуртай. Бүр хэвлэлд ярилцлага өгөх юмсан гэж хүсдэг тухайгаа ч ярилаа. Даан ч тулаад ирсэн чинь сандардаг юм байнаа гээд хоолой нь үл мэдэгхэн чичирхийлсэн ч инээмсэглэсээр ярилцлагаа үргэлжлүүллээ.
Өнгөрсөн намраас хэрэгжиж эхэлсэн “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдснаар түүний өөртөө итгэх итгэл нь нэмэгджээ. Улсын хэмжээнд шалгаруулсан 90 хүүхдийн нэг болсонд өөрөө ч, гэр бүлийнхэн багш нар ч бахархаж байгаа гэнэ.
Хөтөлбөрөөр ардчилал, хүний эрх, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар, уур амьсгалын өөрчлөлт, хоол хүнс, шим тэжээл гээд хол хөндий санагдаж байсан зүйлс өөрт нь, найзуудад нь, гэр бүлийнхэнд гээд хэн бүхэнд хамааралтай, түүнд өөрийн хувь нэмрээ оруулж чадахыг мэдэж, юу хийхээ ойлгосон хэмээн олзуурхан ярилаа.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хүрээнд заасан хичээлүүдээс түүнд эрүүл хооллолтын хичээл хамгийн их таалагджээ.
Учир нь хүүхдүүд тэр дундаа өсвөр насныхан өглөө босоод л хичээлдээ яараад гарна. Ихэнхдээ завгүй гэж шалтагласаар өглөөний цай ууж амжихгүй. Тэгээд хоосон ходоодтой хичээлдээ очоод анхаарлаа 100 хувь төвлөрүүлж чадахгүй, өөр зүйлд сатаарсаар ядардаг. Үүнийг "Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй" хөтөлбөрийн багшаасаа ойлгож, өглөөний цайгаа заавал ууж гардаг дадалд суралцаж эхэлжээ. Ингэснээр хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, багш нарынхаа заасныг илүү сайн ойлгож байгаа гэлээ.
Гэрэл цацарсан инээмсэглэлтэй Д.Бямбадорж “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан бүх хүүхдүүдтэй найзууд болжээ. Тэр дундаа Хөвсгөл нутгийн Б.Ням-Очиртой илүү дотно найз болж, хөтөлбөрийн хаалтын чуулганы үеэр Найрамдалд өнгөрүүлсэн өдрүүдээ хөгжилтэй дурсамж олныг бүтээсэн гэнэ.
Тэрбээр "Миний сэтгэл их хөдөлж, мэдрэмжээ хуваалцахын тулд босоод бүжиглэсэн. Хүүхдүүд намайг бүжиглэдэг гэж мэдээгүй болохоор эхэндээ гайхаж харснаа надтай хамт бүжиглэсэн. Хөтөлбарийн найзуудтайгаа одоо ч цахимаар холбогдож, харилцаатай байна.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сурагчид багт хуваагдан хоёр удаагийн нөлөөллийн ажил өрнүүлжээ. Д.Бямбадоржийн багийнхан “Хог хаядаггүй баатрууд” гэж багаа нэрлээд 29 дүгээр сургуулийг сонгон 10,11 дүгээр ангийн сурагчдад хичээл заасан байна.
Тэд хог хаягдлыг хэрхэн ангилах тухай зааж, сургууль дээр нь хог ангилж хаях хогийн сав байршуулжээ. Үеийн найзууддаа хичээл зааж, тэд биднээс мэдэхгүй зүйлээ асууж, санал бодлоо солилцох нь надад таатай санагдсан. Ирээдүйдээ итгэх итгэлийг минь улам бүр нэмэгдүүлсэн хэмээн Д.Бямбадорж ярьсан юм.
Д.Бямбадорж археологич болох зорилготой. Түүх, газарзүйн хичээлдээ их сонирхолтой учраас энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахыг хүсчээ. Аав нь жаахан дургүйлхэж байсан ч ах нь дэмжиж, өөрөө хийж чадна гэдэгтээ бат итгэж байгаа тул эргэлзээгүй шийдсэн гэнэ.
Ийнхүү зорилгодоо хүрэхээр англи хэлээ сайжруулахаар шийджээ. Цаашдаа англиар ярилцаж үзэх, гитар тоглож сурах, бүжгээ илүү сайн давтана, түүхийн номнууд уншина гээд олон зүйлс төлөвлөсөн гэв. Мөн "Том болоод гэр бүлтэй болж, хүүхдүүддээ өв үлгэр дуурайлал үзүүлдэг сайн болохыг мөрөөддөг. Аавын хариуцлага гэж ямар чухал, том зүйл байдгийг өөрийн биеэр мэдрэхийг хүсч байна" гэж ярьсан юм.
Д.Бямбадорж "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг болж байгаадаа баяртай байна. Үе тэнгийн найзуудаа дараа жил үргэлжлэх хөтөлбөрт хамрагдаарай. Уур амьсгалын өөрчлөлт, улс орны ирээдүйн төлөө хүүхдүүд бид ч дуу хоолойгоо хүргэж болно шүү. Бидэнд хийж чадах зүйл маш их бий" хэмээн уриалсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.