Тогтвортой хөгжил түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ хүүхдийн орчинг моджуулах “Амгалан дэлхий” төслөө Хөвсгөл аймгийн төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулиас хэрэгжүүлж эхэллээ. Төслийг хэрэгжүүлэгчид бэлэн мод өгч, тусламж хүргэхээсээ илүү хамтаараа мод тарьж ургуулах, олуулаа бүтээн байгуулахыг зорьж байгаа гэдгээ онцолсон юм. 


Хашаандаа хүүхдийнхээ тоогоор  мод таръцгаая

/“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТББ-ын  тэргүүн Д.Даваадулам/

“Нэг сая мод тарьж ногоон суварга бүтээх Хөвсгөлчүүдийнхээ үйлсэд нэмэр болж байгаадаа баяртай байна. Бид байгаа модоо хайрлаж, байхгүйгээ нөхөж, дундарч байгаагаа төлжүүлж байхгүй бол элсний нүүдэл, цөлжилт, ган гачиг, усны хомсдол хангай газар гэлтгүй ойрхон байна.

Тэгшхэн сайхан гудамтай, эмх цэгцтэй хороололтой, өөрийн гэсэн өвөрмөц байшин хаустай Хөвсгөл аймгийн сум суурин сагалагар модтой, ногоон гоёлтой бол улам ч сайхан орчин бүрдэнэ. Мод тарихад ихээхэн  хөрөнгө мөнгөтэй байх, эсвэл нэг их хөрөнгө чинээтэй, “өглөгийн эзэн” ирж хийнэ гэж хүлээвэл гэнэн хэрэг болно. Зүгээр л айл болгон хашаандаа хүүхдийнхээ тоогоор мод таръя, сургууль, цэцэрлэгүүд сурагч, эцэг эх, олон нийтийнхээ хүч, дэмжлэгээр бага ч гэсэн талбайгаа моджуулъя. Байгууллага болгон ажилтныхаа тоогоор мод суулгая гэж бид уриалж байна” гэж ярилаа.  

"АМГАЛАН ДЭЛХИЙ” ТББ-ын  тэргүүн Д.Даваадулам


 “Амгалан дэлхий” төслийн нээлт, Хөвсгөл аймгийн төрөлжсөн сургалттай “Авьяас” сургууль

Төслийн хүрээнд Хөвсгөл аймагт 1000 мод хандивлаж, цаашид орон нутгийн иргэдийг  модоо үржүүлэхэд нь зориулж биологийн ухааны доктор, байгаль орчны гавьяат ажилтан  Н.Чимид дендерлогичийн “Хажуу газар ургадаг хайлаас мод” төслийг  “Авьяас” сургуульд гардуулжээ. 

Мод тарих нь хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлээр сурснаа бодитоор мэдэрч харах боломж


Төслийг хамтран хэрэгжүүлэгч “Авьяас” сургуулийн нийгмийн ажилтан Г.Батцэцэг ярихдаа:

“Хүүхдүүдэд мод үржүүлгийн тухай мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалах ажилд уриалахдаа хэлээд өнгөрөхөөс илүү томчууд өөрсдөө мод тарьж үлгэрлэн харуулсан нь үр өгөөжтэй. 

Хөвсгөл аймгийн засаг даргын санаачилсан 1 сая мод тарьж, ногоон суварга босгох хөтөлбөрийн хүрээнд “Амгалан дэлхий” ТББ-ын дэмжлэгээр сургуулийнхаа хашаанд 900 ширхэг хайлаас суулгалаа. 

Авьяас” сургуулийн нийгмийн ажилтан Г.Батцэцэг

Ингэж мод тарьж, үрсэлгээ суулгах нь хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлээр заалсгаснаа бодитоор мэдэрч сурах боломж олгож байна. Сургуулийн орчин ийнхүү хүүхдэд ээлтэйгээр тохижиж байгаад нийт багш, ажилчид талархан хүлээн авч идэвхи санаачлагатайгаар оролцож байна” гэлээ.


Сурагчид ч мод тарих аяныг дэмжиж томчуудыг уриаллаа

Мөн “Амгалан дэлхий” ТББ, “Авьяас” сургууль хамтарч Хөвсгөл аймгийн сурагчдын дунд “Модны үнэ цэн, ач тус” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 40-өөд бүтээл ирснээс Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 3 ангийн сурагч Б.Уянгацэцэг, “Авьяас” сургуулийн 8-р ангийн сурагч А.Энх-Ундрал нар тэргүүн байр, “Авьяас” сургуулийн 5-р ангийн сурагч Б.Аззаяа, “Рашаант” сургуулийн 8-р ангийн сурагч Б.Сугарнаран нар хоёрдугаар байр, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ, Хатгал сургуулийн 9-р ангийн сурагч Г.Дэлгэрмаа нар гуравдугаар байр эзэлжээ. 

Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа хашаандаа сайхан төгөлтэй болоорой гэж зохион байгуулагчид нь жимсний бут, мод бэлэглэсэн байна.  


Хүүхдийн орчинг моджуулах “Амгалан дэлхий” төсөл Хөвсгөл аймгийн гэр хорооллын сургууль, цэцэрлэг, халамжийн газарт үргэлжлэн хэрэгжих юм байна. Мөн “Авьяас” сургуулийн  1991, 1992 оны төгсөгчдийн төлөөлөл мөн мод тарих ажлыг дэмжиж, сургуульдаа хандив өргөжээ.