Х.Оргил
11 сарын 23, 2021
“Баяртай, идээшиж дассан их хот минь” Ингэж хэлээд ховорхон олдох ажил алба, мөрөөдөж явсан өндөр цалин, аятай тухтай аж төрлөө орхиод, хөдөө тийш нүүж байгаа айл өрх, хувь хүмүүс америк, японгүй дэлхийгээр нэг олширчээ. Хорвоог донсолгосон, одоо ч айлгасаар байгаа энэ цар тахлын нэг сургамж нь хэвшиж дадсан амьдралын хэв маягаа эргэж нэг харах, цаашдаа ер нь яах вэ гэдгээ эргэцүүлж бодоход оршиж байгаа ч гэхэд болохоор аж.
Вашингтон пост сонины саяхны нэгэн дугаарт 25 настай Кана Хашимото хэмээх япон бүсгүйн тухай бичжээ. Тэрбээр Токиогийн томоохон даатгалын компанид доод шатнаас нь эхлэн, ирээдүйгээсээ өөр юуг ч үл бодон, гар хамхилгүй ажиллаж байсан юмсанж. Гэтэл цар тахал дэгдэж, бодол санааг нь орвонгоор нь эргүүлжээ. Уул нь удмаа дагасан дэлхийн хэмжээний даатгалын томоохон захирал болгоно гэсэн итгэл сэтгэлээр эцэг эх нь охиноо бэлдэж, олон жилээр Канадад сургуульд явуулж, мэргэжил мэдлэг олгожээ. Ирээдүйг нь тийнхүү төсөөлж явтал нэг л өдөр, “Энэ цар тахал надад их зүйлийг ойлгууллаа. Төрөлх Токиодоо биш, арав гаруйхан мянган хүн амтай Минамиасо тосгонд бүр очиж суухаар шийдлээ” хэмээн эцэг эхдээ дуулгажээ. Хэдийгээр хичнээн эсэргүүцсэн ч, охиныхоо шийдвэрийг өөрчилж тэд хүчирсэнгүй.
“Би энд хөдөө аж ахуй, газар тариалангийн янз бүрийн ажил хийнэ, тосгоныхоо хүнсний олон төрлийн зүйлсийг ойролцоох ресторануудад хүргэлцэнэ, уламжлалт хөнгөн хоолны мухлаг, халуун рашааны газар ажиллана, тэр бүхнийг би бүр дурлаж хийдэг гээч. Эргэн тойронд минь дан байгаль, анир чимээгүй, амгалан тайван. Токиодоо эргэж ажиллаж амьдрах тухайд санаанд багтахаа байсан” хэмээн хот руу ид л тэмүүлж байх хорин хэдхэн настай Кана Хашимото бүсгүй хэзээний тосгоны ахимаг нэгэн шиг хуучлах болжээ.
Ер нь ч тэгээд ч хэн хүнгүй эрэн хайж, хүсэн тэмүүлсээр ирсэн, өнөөдөр ч зүтгэн тэмүүлсээр байгаа хөгжил, хотжил, үйлдвэржил гэгч ер нь юу юм бэ? Цаашдаа хот гэгч энэ их бөөгнөрөл юунд хүргэх вэ? Байгаль -Хүн хоёрын амин шүтэлцээ хаана очиж тэсрэн, эргэж эвцэх аргагүйгээр тасрах бол? Байгалийн эргэж сэргэхгүй баялаг бүхнийг нэгэн үеийнхэн шавхаж дуусгах ёстой юм шиг адган дайрсаар тухайн улс орон, ард түмэн ямар хариу хүртэх бол? Энэ мэтийг өөрийн эрхгүй эргэцүүлэн бодох үе өөдөөс тулж ирсэн бололтой.
“Дэлхий нийтээрээ бүр хөгжилтэй гэгдсэн улс орнууд хүртэл хөл алдаж байхад танайх яагаад энэ их цар тахлын үед ягдчихалгүй танагтай байгаад байна вэ? Хөдөөтэйнх, малтайнх. Эрдэнэт зэрэг аварга том уул уурхайн үйлдвэрүүдээ арай ч бүгдийг нь хэн нэгэнд нь тавиад туучихалгүй, улсдаа үлдээснийх. Хувийн юм гэдэг хувийн л юм байдаг. Улс орноороо ягдсан цагт тэднээс хандив л харна уу гэхээс, бид татвар төлдөг гээд л ам хаана. Ямар ашиг орлоготой байгаад ч нэмэргүй, гар сарвайхгүй байхад хэн яахсан билээ! Танайх шиг байгалийн асар их баялагтай, тэгсэн хэрнээ хүн ам нь ийм ядуу улс орон сургууль, эмнэлэг нь үнэгүй байдаг зарим нэг орны жишгийг судлах хэрэгтэй.” Ингэж хэлэх, бичих гадны хүмүүс байх л юм. Биднийг л гэсэндээ тэгдэг биз.
Уудам их газар нутагтай, хүн ам цөөнтэй, мал аж ахуй эрхэлдэг нүүдлийн уламжлалт аж төрөл хөдөөдөө голлосон манайх шиг улс цаашдаа хэрхэн яаж оршин тогтнох вэ? Өнөөдрийнх шиг ажил амьдрал эрж байна хэмээн Улаанбаатар руугаа цутгасаар, хотод ирлээ гэж дээрдсэн юмгүй, бахь байдгаараа байсаар байх уу? 21-р зуунд эсгий гэрт толгой хоргодож, өвөлдөө утаа манартал нүүрс түлж, зундаа гудамжны шавар шавхайтай холилдож, гадаа гарч бие зассаар өнөөгийн үрс өсч торнисоор байх уу? Болж байна, цаашдаа ингээд болно гэж бодох уу? Өнгөрсөн хагас жаранд аймаг, сум, орон нутгаа хөгжилтэй орнуудын хот тосгод шиг биш юмаа гэхэд, арай танагтай авч явсан бол өдийд иймдээ тулахгүй.
Явж явж манай Монголын дархлаа, ирээдүйн баталгаа нь хот гэхээсээ хөдөө ч болж магадгүй.
Хөгжил бус уламжлал, суурьшил бус нүүдэл гэж хэлэхэд хэн ч итгэхгүй, тэр нь ч зөв, гэхдээ юмыг яаж мэдэх вэ. “Яагаад Монгол улс, монгол түмэн хэдэн зууны түүхийн их шуурга, байгалийн бэрх хатууг тэсч дааж үлдсэн юм бол гэж эхлээд гайхдаг байлаа. Тэгэхнээн аргагүй юм билээ. Уулын мухрын ганц гэр айл ч гэлээ хэдэн сар, бүр хэдэн жилээр, ямар ч цас шуурга, байгалийн бэрхшээлд дунд хорвоогоос яаж ч тасарлаа гэсэн, бусдын гар харалгүй, ер дажгүй тэсээд л байна. Бүхнийг өөрсдөө бүтээдэг болохоор тэр. Орон байр, хувцас хунар, унаа хөсөг, хүнс хоол, эдлэл хэрэглэл... Тэр бүхнийг малынхаа арьс шир, үс ноос, ашиг шимээр гүйцэлдүүлнэ. Дутах юм байхгүй. Хотод бол харин өөр. Дүн өвлөөр хагас цаг цахилгаан тасрахад л хэцүүднэ.” Ингэж хэлэхэд буруу ярилаа гэхэд бас хэцүү. Ямар ч бол малаа орхиж, хөдөөгөө эзгүйрүүлж таарахгүй.
"Бид биш бол, хэн бэ? Одоо биш бол, хэзээ вэ?" Ийм нэгэн алдартай ишлэлийг энэ цаг үеийнхэн бодох л хэрэгтэй болжээ.
Хэцүү ч гэсэн, авлигад олон жил идэгдсэн улс орны эдийн засгийн хүчин чадал хүрч ядаж байгаа ч гэсэн, хуучнаараа, дураараа, сурснаараа байх гэсэн тодорхой хүчний асар их эсэргүүцэлтэй алхам тутамдаа тулгарч байгаа ч гэлээ өнөөгийн төр засгийн энэ эрх баригчид онцгой нөхцөлд онцгой алхам хийхээс аргагүй.
21-р зуунд 20-р зууны нөхцлөөр хүмүүс хөдөөг зорихгүй. Тэр тусмаа бүгд малчин болно гэж тийшээгээ зүглэхгүй. “Улаанбаатар минь, баяртай! Хөдөөг бид зорилоо. Аж амьдралаа тэнд бид төвхнүүлнэ” хэмээн итгэл дүүрэн хэлэх, араасаа олныг дагуулах мэдлэг, мэргэжилтэй мянган мянган залуус гарч ирэхэд төр засгийн холыг тооцсон бодлого, эрс шийдэмгий алхам чухал. Хотод ирээд олж чадаагүйгээ, хөдөө очоод гүйцэлдүүлэх нөхцөл тэнд хэрэгтэй. Наад зах нь зам харгуй, гэрэл цахилгаан.
Бусдаар тэртээх 1969 онд яруу найрагч Д.Пүрэвдорж, хөгжмийн зохиолч З.Батсүх нарын магтан дуулж байсан шиг хөдөө нутаг сайхан хэвээрээ!
Алсын анирхан уулс дундаа
Агаарын сайхан хөдөө юм аа, хө
Ажил хийж, амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа, хө
Уулс, үүлс гүнд нь туссан
Усны тунгалаг хөдөө юм аа, хө
Урт насалж, удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа, хө
Цэлмэг тэнгэрийн од тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа, хө
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа, хө
Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа, хө
Хүчин зүтгэж бүл нэммээр
Хүсэм сайхан нутаг юм даа, хө хэмээн Д.Пүрэвдорж, З.Батсүх гэх утга төгс уран үг, уярам хайлам аялгууны онгод их авъяастнуудад нэгэн жигүүр нэмж, алдарт дуучин Дагийрагчаагийн Банзрагчийн хөдөөгөө магтан хангинатал цангинатал дуулсан нь өнөө ч чихнээ дуулдсаар л байна.
"GOODBYE, CITY LIFE!" гэсээр бусад улс орны том том хотынхон шиг Улаанбаатараас суурьшихаар очиход хөдөө минь харин бэлэн үү?
Уул нь хөдөө нутаг сайхаан!
До.Чулуунбаатар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.