Нэгэн өдөр түлээчин эр эхийгээ алдсан бүргэдийн дэгдээхэйг олж, түүнийг өрөвдөн хайрлаж өсгөхөөр тахианы дэгдээхэйнүүдтэй хамт тэжээжээ. Цаг хугацаа өнгөрсөөр тахианы дэгдээхэй тахиа, бүргэдийн дэгдээхэй бүргэд болон өсөж торнив. Гэвч тэр бүргэд өөрийгөө бүргэд гэдгийг огтхон ч мэдсэнгүй. Нэгэн өдөр тэр өөр нэг бүргэдийг далавчаа томоор дэлгэн хөх тэнгэрт чөлөөтэй нисэн дүүлэхийг харжээ. Тэнгэрт элин халин дүүлэн нисэх тэр бүргэд өөртэй нь нэгэн төрөл гэдгийг зүүдлээ ч үгүй тэр айдас, атаархал нийлсэн харцаар түүнийг харан “Ай даа, нисэж үзэх юмсаан, сайхан байх даа...” хэмээн бодов гэнэ.

Энэ бүргэдийн сэтгэлд байгаа тахиа бол та бидэнд байгаа “асуудал” юм. Гарцаагүй нисэж чадах хэрнээ далавчаа дэлгэх тухай огтхон ч бодогдуулахгүй байгаа тэр нэгэн зүйл бидний дотор байдаг гэсэн үг. Тэгээд биднийг бүргэд байтал дотроос тасралтгүй “Чи бол тахиа. Тахиа хэзээ ч нисэж чадахгүй” хэмээн шивнэж байдаг. Энэ бол хүнийг аз жаргалгүй, бүтэлгүй, амжилтгүй зам руу хөтлөгч шивнээ юм. 

Ажил үйлс сайн бүтэхгүй, муу зүйлс ар араасаа залгуулан тохиолдох үед ихэнх хүмүүс “чөтгөр шүлэчихэж” гэж боддог. Тиймээс бөө нар хүчээ авч байна. Гэвч үнэхээр ажил үйлс бүтэмжгүй байх нь чөтгөр шүлгэсэн хэрэг гэж үү? Бүгд тийм биш. Харин энэ бол нөгөө дотроос тань шивнэж буй нөгөө “шивнээ”. Үүнээс болоод хүмүүсийн хувьд жинхэнэ амьдралын утга учрыг ойлгож мэдээгүй азгүй өдөр хоногууд үргэлжилдэг. Баяр хөөртэй, аз хийморьтой, амжилттэй амьдрахын тулд энэхүү “шивнээ”-г таслан зогсоож, дотроосоо хөөн гаргах хэрэгтэй болдог. 

Өөдлөн дэвжиж, өнгөтэй өөдтэй, амжилттай амьдрах хүсэл хүн бүхэнд бий. Олон зүйлийг хийх зорилго, төлөвлөгөө гаргахын өмнө өөрийгөө байгаагаар нь тодорхойлох, түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь маш чухал байдаг. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг. Өөрийгөө хэн нэгэнтэй адилтгах, төгс төгөлдөр нэгнийг дуурайх, түүнээсээ болж сэтгэлээр илт унахгүй ч сэтгэлийн гүнд харуусал гомдол тээж эхэлдэг.  Хүн өөрийгөө шүүмжилж,  үүнээс өөр байх ёстой, эсвэл илүү байх ёстой гэж бодож түүндээ итгэдэг учраас өөртөө итгэлгүй болдог. 

Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөл байдлаа бодитоор хүлээн зөвшөөрч чадахгүй өөрийгөө шүүмжлэн, дорд үзэж байгаагаас болоод өөртөө итгэлгүй болдог.

Өөрийгөө шүүмжилдэг хүний оюун ухаан сөрөг бодлоор дүүрэн байдаг. “Би ийм, би тийм, би чадахгүй байна, би болохгүй байна” гэж эцэс төгсгөлгүй бодох болгонд хүн улам хумигдаж, өөрийнхөө амжилтанд хаалт тавьж байдаг. Харин өөрийгөө байгаагаар нь бүрэн хүлээн зөвшөөрсөн тэр цагт хүн аливаа зүйлийг эерэгээр харж, дараа дараагийн сайхан боломжуудыг олж харж, бүтээлч амжилттай амьдарч эхэлдэг.

Өөртөө байгаа зүйлсээ олж хар, байгаа нөөц бололцоогоо тооцоол. Бусдад байхгүй зарим зүйлс танд байдаг. Хүн болгонд өөр хэн нэгэнд байхгүй зүйл  заавал байдаг. Түүнийгээ олж хар, нээ.  Өөрийн одоогийн бодит байдлаа хүлээн зөвшөөрч тайвшир. Тайван байдалд л хамгийн зөв шийдвэр гарч байдаг.

Хүн бүхэнд бүгдэд маань бодогддог “Би арай өндөр байсан бол, би хангалттай мөнгөтэй байсан бол, би туранхай бол, ...” гэсэн нөгөө “шивнээ”-ээр дамжуулан харуусалтай бодол, заримдаа бүр гомдол цөхрөл болон үргэлжилж биднийг сул дорой болгосоор байдаг

Энэ бүх харуусал, гомдол маань биднийг буцаагаад урт цагаан сүмбэн хуруутай, өндөр туранхай сайхан биетэй, урт өтгөн хар үстэй, тэгшхэн урт хөлтэй болгохгүй шүү дээ. Мөн энэхүү өөртөө сэтгэл хангалуун бус, шүүмжлэлтэй бодлууд маань зөвхөн бидний өөрсдийн бодол байх нь олонтаа. 

Бусад хүмүүст огт хамаагүй, сонирхоогүй, бодоогүй, олж хараагүй байх тохиолдол ч бий. 

Гэтэл бид л өөрөө өөрийгөө зовоон тарчлааж олон жил шаналан, өөрийнхөө амжилттай амьдрал, сайн сайхан бүхэндээ саад тавьж явсан байдаг. Харин байгаагаараа өөрийгөө  хүлээн зөвшөөрсөн тэр цагт нөгөө “шивнээ” аль хэдийн алга болж, ямар их эрх чөлөө, цээж дүүрэн амьсгал бас амжилт дагуулдаг болохыг та мэдрэх болно. Мөн та дотроосоо хүчтэй болж эхэлдэг. Энгийнээр хэлбэл өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь өөрийгөө хэт шүүмжилж байна гэсэн үг юм. Иймд өөртөө цаг гарган, өөртөө дэмжлэг үзүүлж байж энэ байдлыг даван туулах болно. Өөртөө шударга байгаарай.