Х.Оргил
02 сарын 29, 2020
Өвөр Монголын яруу найрагч Д.Эрдэнэбилэг нь 1960-аад оны эхэнд Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд мэндэлжээ. Өдгөө Өвөр монголын УТЗЗ-ын Тамгын газрын Орчуулгын албаны даргаар ажиллаж байна. Хянан орчуулагчийн мэргэжлийн цолтой, Өвөр монголын “Солонго” шагналт ба “Тав нэг инженрин”-гийн шагналт яруу найрагч, Хятадын Зохиолчдын эвлэл болон Өвөр монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Өвөр монголын монгол хэлний орчуулгын нийгэмлэгийн дэд нарийн бичгийн дарга зэрэг нийгмийн тушаалтай .
Тэрбээр “Уул харж шүлэг бичих сайхан” , “Уянгын алтан жолоо”, “Тугалын бэлчээрээс дэлхийн бэлчээрт”, “Шинэ малжих орны шижир уянга” хэмээх яруу найргийн болон мэдээллийн уран зохилын түүвэртэй.
Бүх Хятадын монгол хугацаат сэтгүүлийн “Гавьяат редактор”-ын содон алдраар мялаалгаж өнгөрсөн. 2010 онд “ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн арван содон ажилтан”-ы эрхэм алдарыг тосч, үйлсийн мөрөө мялаалшажээ. “Хятадын одоо үеийн орчуулгийн ажилтадын толь”, “Өвөр монголын Нийгмийн шинжлэх ухааны мэргэжилтэд эрдэмтдийн нэрсийн толь”-д танилцуулагджээ.
Энэ удаа яруу найрагч Д.Эрдэнэбилэгийн коронавирусийн тахал-Тахлын эсрэг ажиллаж буй хүмүүст зориулсан шүлгийг хүргэж байна.
Коронавирусийн тахлын эсрэг ажиллаж буй хүмүүст зориулав
Утаагүй дайны талбар
Ууланд бус эмнэлэгт болов
Сум дариар байлдах бус
Судалд тарих эмээр байлдав
Эрүүлийн элч эмч сувилагч
Эрсдэн байлдахын цэрэг болов
Эмнэлгийн олон өвчтөний ор
Элгээрээ хамгаалахын бэхлэлт болов
Алаг дэлхий амавчтай дэлхийгээр солигдов
Арван саяынханд амины аюул болов
Өрх бүхэн үүдээ дарж суув
Үнэндээ бас үхлийг дарж суув
Титэм зүүсэн нууцгай вирус
Тодруулах машнаар л дүр нь илрэв
Тулалдах эм жор гээд
Төр гүрнээрээ түргэн эмнэлгээр зэвсэглэв
Өвчтэй хотын үүл мананыг дарахаар
Эрэлхэг дайчид элэх хадны догшин шуурга шиг буув
Учирсан бүхэн олзлогдогсод болж байв
Амьсгалын хоолой зам нь болж байв
Уушги зүрх нь үүр нь болж байв
Амь тавигсад олз нь болж байв
Цагаан сараар цараа хорио татав
Цэвэлт тахлын хөл гарыг тушив
Цагаан өнгөтэй өдөр хар өдөр болов
Цааш наашгүй хүмүүс хоригдол болов
Үхань хотоос үүссэн тахлын
Үндэс салааг нь үлгэрлэн шинжинэ
“Хорхой шувууг зуушилснаас тахал үүслээ …
Хорыг нь одоо амсах нь ” гэж хотлоороо үг шийднэ …
Гундах цэцэгсийн дэлбийг гунигаар мөшөөлгөхгүй гэж
Гол тахлын вирусийг нь гавлаж галдаж хаялаа
Гамшиг өвчинд нэрвэгсдийг гаслангаар зовоохгүй гэж
Гарамгай хошуучууд дайнд гал түймэртэй л байлдсан юм
Тулалдаан үнэний жамаараа сүүл хураах шахлаа
Дуусаж мөхөх нь түрж ирэгсдийн төгсгөл билээ
Эх байгалиа эвддэг ёс
Үүнийг дагаад устах зүй
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.