Саруулын Ариунжаргал
04 сарын 04, 2019
БЕРЛИН. /Xinhua/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг “жинхэнэ орчинд жолоодох” туршилтыг Хамбург хотод эхлүүлсэн байна.
Цахилгаан хөдөлгүүртэй “VW Golf” загварын автомашинуудыг тус бүр 11 лазер сканер, 14 камер, хэт авианы мэдрэгчүүд болон 7 радар системээр тоноглосон ба Хамбург хотын төв хэсэгт 3 километр зайд туршилт хийх ажээ.
Энэхүү туршилтад оролцож буй автомашинууд нь явган зорчигчид, дугуйтай хүмүүс, бусад тээврийн хэрэгслүүд, замын уулзварууд, зогсоол дахь автомашинууд болон эгнээ өөрчлөгдөх зэргийг мэдэрч таних чадвартай юм байна.
Хамбург хотод Оюун ухаант тээврийн системийн 28 дахь удаагийн дэлхийн конгрессийг 2021 онд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хотын төв хэсэгт 9 километр хүртэлх зам дээр туршихыг зөвшөөрөөд байгаа ажээ.
“Volkswagen” компанийн Герман өрсөлдөгчид болох “BMW”, “Daimler” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн системийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд мэдэгдсэн юм. Тус хоёр компанийн хамтран бүтээх технологи 2025 он гэхэд бэлэн болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.