МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 17 дахь удаагаа ард иргэдийнхээ асуултад хариулна. “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” шууд нэвтрүүлэг Москвагийн цагаар үд дунд 12 цагт эхлэх бөгөөд "Первый", "Россия 1", "Россия 24", “НТВ”, “ОТР” сувгууд болон “Маяк", "Вести FM" болон "Радио России" радио станцууд шууд дамжуулна. 


В.Путин ард иргэдтэйгээ шууд холбогдож улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал, тэдний нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг сэдэвтэй холбоотой асуултуудад нь хариулдаг уламжлалтай. Тэрбээр 2001 оноос хойш Ерөнхийлөгчийн хувиар 14 удаа удаа, Ерөнхий сайдын хувиар дөрвөн удаа иргэдтэйгээ холбогджээ. 2011 он хүртэл намар эсвэл өвлийн улиралд иргэдийнхээ асуултад хариулдаг байсан ба зарим хотын иргэд гудамжинд тусгайлан зассан студид Ерөнхийлөгчтэй дүрс бичлэгээр холбогддог байв. Харин  2013 оноос эхлэн шууд нэвтрүүлгийг дулааны улиралд явуулдаг болсон байна.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд нэвтрүүлэг олны анхаарлыг ихээхэн татсан хэвээр байна. 2001 оны 12 дугаар сард болсон анхны шууд нэвтрүүлэгт ердөө 400 мянган асуулт ирж байсан бол 2002-2005 онд 1.1-1.5 сая, 2006 онд 2 сая 334 мянган асуулт тавьжээ. Дараагийн дээд амжилтыг 2007 онд тогтоосон бөгөөд энэ үед В.Путинд 2.5 сая хүн ханджээ. 2013 оны нэвтрүүлэгт асуултын тоо 3 сая, 2015 онд 3.25 сая болж нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил асуултын тоо 2.5-2.8 саяын хооронд адилхан байжээ. Харин энэ жилийн нэвтрүүлэгт зургадугаар сарын 19-ний байдлаар 1 сая 315 мянга 763 асуулт ирсэн гэж "Россия-24" суваг мэдээлсэн байна.


Иргэдийн асуултуудыг зургадугаар сарын 9-нөөс эхлэн авч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 20-нд нэвтрүүлэг дуусах хүртэл хүлээж авна. ОХУ-ын төрийн тэргүүнд мөн утсаар, цахим зурвас илгээж асуулт тавьж болно. Түүнчлэн “Москва-Путин” гар утасны аппликейшн эсвэл хөтөлбөрийн  “moskva-putinu.ru” цахим хуудсаар Ерөнхийлөгчтэй холбогдож болно. Асуултуудыг мөн "ВКонтакте", "Одноклассники" нийгмийн сүлжээнүүдийг хэрэглэгчдээс хүлээж авах аж.


В.Путиний иргэдтэйгээ холбогдох шууд нэвтрүүлгийн үргэлжлэх хугацааг урьдчилан тодорхойлдоггүй байна. Эхний таван нэвтрүүлэг гурван цаг хүрэхгүй үргэлжилж байсан боловч 2007 оноос хойших нэвтрүүлгүүд дандаа гурван цагаас илүү үргэлжилжээ. 2013 оны нэвтрүүлэг хамгийн удаан буюу 4 цаг 47 минут үргэлжилсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг