МОСКВА. /АиФ/. Бусад улс орны удирдагчид дундаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хамгийн дотны, итгэлт анд нөхөр гэж үзэж байгаагаа БНХАУ-ын дарга Си Жиньпин “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Бидний гүн гүнзгий нөхөрлөл миний хувьд маш үнэ цэнтэй” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүнчлэн 2013 оноос хойш болсон хоёр талт болон олон талт уулзалтуудын үеэр В.Путинтэй 30 гаруй удаа уулзаж, утсаар байнга ярилцаж, захидал солилцдогоо тэрбээр цохон тэмдэглэж, Оросын төрийн тэргүүнтэй гүнзгий харилцан итгэлцэл, үнэнч нөхөрлөлийн үндсэн дээр харилцдагаа илэрхийлсэн байна.

“Хамгийн чухал нь Хятад, Оросын харилцааны стратегийн ач холбогдол бүхий асуудалд бид нэгдмэл байр суурьтай байдаг бөгөөд хоёр улсын харилцааг урт хугацаанд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэг хүсэл сонирхолтой байдаг” хэмээн БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэжээ. 

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 5-7-нд ОХУ-д айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.  


Эх сурвалж: Монцамэ агентлаг