ОТТАВА. /TASS/. Канадын эрх баригчид Венесуэл дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, Оттава хот дахь Венесуэлийн дипломатуудын визийг сунгахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгдсэн байна.

“Венесуэл дахь Канадын дипломатчдын визийн хугацаа энэ сарын сүүлчээр дуусаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргааны дэглэм дор тэд хугацаагаа сунгаж чадахгүй. Тийм учир Венесуэл дэх Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоос өөр сонголт бидэнд байхгүй. Венесуэлийн эрх баригчид Гадаадын Элчин сайдын яамнуудын үйл ажиллагаагаа явуулах боломжийг хязгаарлах алхмуудыг авч хэрэгжүүлсэн нь ийм нөхцөл байдалд хүргэлээ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

"Каракас дахь Канадын Элчин сайдын яамны үзүүлж байсан консулын үйлчилгээг Колумб дахь Канадын дипломат төлөөлөгчийн газарт үзүүлэх болно. Түүнчлэн ойрын саруудад Венесуэлд зорчихгүй байхыг эрх баригчид Канадын иргэдэд зөвлөх болно” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг