МОСКВА. /TASS/. Энэ онд Венесуэлийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай муудсаар байх бөгөөд ДНБ нь 25 хувиар буурна гэж таамаглаж байгаагаа Дэлхийн Банк Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнууд дахь нөхцөл байдлын талаарх илтгэл тайландаа дурджээ.


“Венесуэл эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хямрал даамжрахаас сэргийлэхийн тулд юу ч  хийж чадаагүй. Нөхцөл байдал одоо ч дордсоор байна” гэж Дэлхийн Банкны шинжээчид үзэж байна.


Венесуэлийн Үндэсний ассамблейн санхүүгийн асуудал эрхэлсэн хорооны мэдээлснээр, 2018 оны эцсээр тус улсын инфляцийн түвшин 1.7 сая орчимд хүрчээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт суурьшлын байгууллагын мэдэгдсэнээр, 3.4 сая гаруй хүн Венесуэлийг орхин явжээ. Хүмүүнлэгийн хямралтай байгаагаа Венесуэлийн Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 



Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласнаас хойш тус улсад нөхцөл байдал улам даамжирсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг