Засгийн газар өнөө орой хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод илэрсэн голомтын ойрын хавьтал 97 хүний давтан шинжилгээг өнөөдөр хийсэн. Гурван хүнээс коронавирус илэрлээ. Нэг нь анхны батлагдсан тохиолдлын охин, нөгөө хоёр нь ахынх нь эхнэр болон хүүхэд байна. Эдгээр нь ойрын хавьтал байсан учир ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Улмаар тус голомтын нийт 9 хүнд коронавирус илрээд байна.

Сэлэнгэ аймагт өмнө нь 3 хүнээс коронавирус илрээд буй. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймагт хяналтын шинжилгээ хийж байна. 173 хүний шинжилгээг хийж байна. Сэлэнгэ аймагт 150 хүний шинжилгээг хийснээс 136 хүнийх нь хариу гарсан. Бүгд сөрөг гарсан. 

Халдвар илэрсэн хүмүүстэй хол, ойрын хавьтал болсон иргэд зарим үед өөрийнхөө хаагуур явснаа санахгүй байх, мартах, хэлмээргүй байсан ч болох зэрэг шалтгаанаас болоод бидний үргэлжлүүлэн тандалт явуулах үед голомтод авах хариу арга хэмжээ уртсах магадлал байна. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй. 

Тандалтын явцад өнөөдөр караоке, цайны газарт батлагдсан тохиолдолтой хавьтал болсон асуумж судалгаа илэрсэн. Тиймээс би нэг зар хэлье. 


АНХААР:

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "Говь сайхан" караокед 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 17-20 цагийн хоород байсан хүмүүс, мөн сургуулийн арын Топаз зочид буудал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "Өгөөж-1" цайны газарт дээрх өдрийн 11-12 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 гэсэн дугаарын утсанд холбогдож, зөвлөмж авахыг уриалж байна" хэмээлээ.

Тус газруудаар коронавирус илэрсэн тохиолдлуудын нэг нь үйлчлүүлсэн байна.

Мөн тэрээр "Дээр дурдсан шалтгаануудаас болоод хөл хорио тогтоосон хугацаа цөөн хоногоор сунгагдах магадлалтай. Энэ бол иргэдийнхээ дунд халдварыг тараахгүй, иргэдээ хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм" гэдгийг онцлон хэллээ.