Б.Баясгалан
11 сарын 24, 2020
Коронавирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг УИХ-ын Түр хороо өнөөдөр хэлэлцлээ. Ажлын хэсэг, УИХ-ын зарим гишүүн чуулганы танхимд ирж, зарим гишүүн онлайнаар оролцов. Энэ үеэр чуулган танхимд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Шадар сайд Я.Содбаатар нар маргав.
Тодруулбал, Н.Алтанхуяг гишүүн "Одоо хэв маягийг эвдье. Нэг хэсэг нь асуудаг юмаа л асууж, нөгөө хэд нь хариулж байна. Ийм жонхуу, дорой байж болохгүй. Иргэдийн дунд асар олон асуудал үүсчихээд байна. Газар, газар түгжигдчихсэн хүмүүсээ яахын гэж долоо хоног асуулаа. Юу гэж хариулсан юм. Яах гэж 14 хоног хорьсон юм. Ийм байж болохгүй. Надад горимын санал байна.
Манай түр хороо одоо Улсын онцгой комиссынхонтой ярихаа болъё. Цаад хүмүүстэй нь яръя.
Нэгдүгээрт, эдийн засгийн асуудлаар буюу хөшчихсөн байгаа иргэд, ААН-ийн эдийн засгийг сэргээх асуудлаар тусдаа мэргэжлийн хүмүүсийг авчраад ярилцмаар байна.
Хоёрдугаарт, Оношлогоо, эмчилгээн дээр надад маш их эргэлзээ төрсөн. Үүнийг би Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нараас асуугаад хэрэггүй. Тэр чиглэлийнх нь хүмүүсийг, шаардлагатай бол судлаачдыг оруулж ирж суулгаж байгаад манай Түр хороо хэлэлцэж, нэгдмэл ойлголтод хүрье.
Өнгөрсөн пүрэв гарагт л ярьсан юмнуудаа ярьж байна. Би одоо эд нараас юугаа асуух юм бэ" хэмээлээ.
Хариултад нь Түр хорооны дарга Б.Баттөмөр "УИХ-ын тогтоолын дагуу Түр хороо хуульд хяналт тавих ёстой. Хуулийг хэрэгжүүлж буй хүмүүс нь Шадар сайд болон яамдын сайд нар. Бид энэ сайд нартай ярихгүйгээр яам дээр нь очиж ярина гэж байхгүй. Бид хийх ажлаа хийж байна. Төрийн байгууллагууд бүгд чиглэл чиглэлээрээ ажиллаж байгаа" гэв.
Шадар сайд Я.Содбаатар "Түгжигдчихсэн иргэдийг та Шадар сайд байгаад ч явуулахгүй Н.Алтанхуяг гишүүнээ. Яагаад гэхээр энэ нь эмнэлгийн заалттай байна. Коронавирус тарах эрсдэлтэй гэж байгаа болохоос бид сайн дурандаа хориод байгаа асуудал биш.
Хатуу хөл хорио тогтоосон юм чинь зарчмын дагуу 14 хоног хорино. Бид ажлаа хийсэн. Бүртгэл нь бэлэн болчихсон. Хүмүүсийн нэрсийг гаргачихсан. Орон нутаг руу явуулах уу гэдэг нь одоо ганцхан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр явж байна. Та Шадар сайд байсан хүн үүнийг мэднэ. Битгий ийм юмаар улс төр хий.
Эмчилгээ, оношлогоог мэргэжлийн байгууллага, мэргэжлийн зөвлөлийн хүмүүс хийдэг. Би хийж байгаа юм биш. Бид тэр хүмүүс, мэргэжлийн эрдэмтэд, салбарын дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргаж байгаа. Орон нутаг руу явах иргэдийг би өнөөдөр ч гаргамаар байна. Надад ч маш олон мессеж ирсэн. Хүмүүсийн зовлон үнэхээр их байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд массаас халдвар гараагүй. Ингээд 3-4 хоног халдвар гарахгүй бол өнөөдрөөс иргэдийг орон нутаг руу явуулах ажлыг эхэлье гэж бэлдсэн байсан. Гэвч өчигдөр 2 хүнээс илэрлээ. Тэгэхээр шинэ халдваруудын ойрын хаьтлуудыг тогтоох учир дахин 2-3 хоног хойшлуулаач гэдэг заалтыг эмнэлгээс бидэнд өгсөн. Энд бэлтгэлээ дутуу хангасан юмуу, алдаа оноо гаргасан асуудал байхгүй" хэмээн хариуллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.