“Түгээмэл хөгжил” ТББ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрх”-ийн чиглэлээр мониторинг хийжээ.  Судалгааны дүнг үзэхэд манай улсад баригдаж буй орон сууцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Шаардлага хангаж буй нь Ривер гарден гэх мэт цөөхөн хэдхэн тансаг зэрэглэлийн орон сууц байгаа ажээ. Энэ талаар тус ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Авирмэдтэй ярилцлаа. 

-Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь орон сууцанд амьдарч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй өрхийн 19.10 хувь нь орон сууцанд амьдарч байна. Гэхдээ орон сууц нь хөгжлийн бэрхшээлтэй хүндээ ээлгүй буюу стандарт шаардлагыг хангадаггүй.

Судалгаанд хамрагдсан хүмүүс хүртэл “Манай байр надад хүртээмжгүй, өөрөө өөртөө эвтэйхэн болгож байраа өөрчилмөөр байна, арга бий юу” гэж нэлээд асууж байсан. Энэ хүмүүсийн дотор би өөрөө ч багтана. Өөрөөр хэлбэл байртай цөөхөн хэсэг маань ч гэсэн хүртээмжгүй, бие засахаас эхлээд тохиромжгүй орон сууцанд аж төрдөг гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй өрхийн 80,4 хувь нь зөөврийн устай, халуун усгүй, боловсон ариун цэврийн өрөөгүй амьдарч байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй орон сууцны асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдсэн байдаг юм бол?

-Бид өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал гэхээр налуу шатны тухай л ярьдаг.  Шатнаас цааш олон асуудал бий.

Тухайлбал хөгжлийн бэрхшээл хүнд ээлтэй байхын тулд тухайн орон сууцны өрөөний хүртээмжийн асуудал яригдана. Жишээлбэл бусдын тусламжгүйгээр ариун цэврийн өрөөнд орж гарах шийдлийг хэлж байгаа хэрэг. Ингэхийн тулд хаалганы өргөн нарийнаас эхлээд л стандарт бий. Бусад улс оронд халамжийн бодлогын хүрээнд тухайн хүндээ зориулж үүнийг шийддэг юм билээ.

Ядаж л тухайн хүн гэрийнхээ ойр орчимд байгаа дэлгүүр хоршоогоор орох боломжтой байх ёстой. Цаашилбал эмнэлэг, сургууль цэцэрлэгүүд нь холгүй байх ёстой. Ингэснээр л тухайн хүний нийгмийн тэгш оролцоо хангагдана гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихлөө.

-Тэгвэл манай улсад энэ шалгуурыг хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орон сууц байна уу?

-Олон улсын бичиг баримтад тулгуурлан гарсан зургаан шалгуур үзүүлэлтээр бид мониторинг хийсэн. Үүнд орон сууц,

-Хэрэгцээнд тохирсон орон байр байж чадах

-Орлогод нийцсэн орон байр байж чадсан байдал

-Хүртээмжийн тухай хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилт

-Тэгш хамруулсан орчин бүтээн байгуулж байгаа байдал, бие даан амьдрах эрх

-Хот төлөвлөлт, менежментэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо

-Тэгш байдал

зэрэг шалгуур үзүүлэлтүүд бий. 

Гэвч харамсалтай энэ шаардлагыг Ривер гарден гэх мэт цөөхөн хэдхэн тансаг зэрэглэлийн орон сууц шаардлага хангаж байна шүү дээ.

Иймээс төрийн бодлогыг олон улсын баримт бичгүүдтэй дүйцүүлж хэрэгжүүлэх зорилгын үүднээс орон сууцны бодлого, хэрэгжилтийн асуудлыг шинэчлэх хэрэгтэй байна. Үүнд төрийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогоос эхлээд дүрэм, журмыг хүртэл хамруулах хэрэгтэй.


-Таны харж байгаагаагаар үүн дээр шийдэл байна уу?

-Яг энэ арга барилаараа орон сууц бариад байвал таван жилийн дараа, цаашлаад 10-20 жилийн дараа энэ бүгдийгээ өөрчилж сайжруулах хэрэг гарна. Тэр үед өнөөдрийнхөө гаргаж байгаагаасаа илүү их хүч хөдөлмөр гарч таарна. Үүнийг олон улсын туршлага баталсан учраас тусдаа стандарттай байдаг.

Тиймээс л энэ асуудлыг залхууралгүй, халшралгүй төсвөө гаргаад шийдчихвэл тухайн орон сууц ч үнэ цэнтэй хөрөнгө болно. 

Манай улсад л энэ бүх шаардлагыг тансаг зэрэглэлийн орон сууц хангаад байгаагаас биш уг нь хөгжсөн улс оронд хүн амьдрах энгийн стандарт, норм дүрэм юм шүү дээ.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон байрны асуудлын цаана нуугддаг том асуудлыг онцолбол?

-Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал сайнгүй байна. Тэдний дунд айлд хоног төөрүүлдэг, айлын хашааг манаж амьдардаг гээд янз бүрийн нөхцөлд амьдарч байна. Энэ бол зүгээр л нэг орон байрны тухай яриад байгаа хэрэг биш юм. Ард нь хүчирхийллийн асуудал яригддаг.

Судалгааны ярилцлагын үеэр гэхэд эдгээр хүмүүс амьдарч байгаа газраасаа хөөгдөх асуудалтай тулгардаг гэдгээ бараг бүгд хэлж байсан. Ерөөсөө бие засахаас эхлээд л хүний суурь эрх хангагдаж чадахгүй байгаа учраас л үүнийг ярихаас өөр арга алга.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууцтай болоход төрөөс нэгэн урамшуулал дэмжлэг бий юу? 

-Судалгаа хийсэн хүмүүсийн 19% нь орон сууцанд амьдарч байна. Бусад хүмүүс нь гэр хороололд амьдарч байна шүү дээ.  Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон сууцаар хангах төрийн гурван бодлого бий. 

Нэгдүгээрт ипотекийн зээл, хоёрдугаарт түрээсийн орон сууц, гуравдугаарт нь халамжийн орон сууц гэсэн хэлбэр байна. 

Бодит байдал дээр ипотекийн зээл, халамжийн орон сууцны бодлого хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй биш. Хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл чийрэг, хөдөлмөрийн насны залуус ч энэ зээлд хамрагдах нь амаргүй даваа байдаг нь нууц биш.

Төрөөс түрээсийн орон сууц сууц дээр л дэмжлэгүүд гарч ирж байгаа юм. 

Монгол Улсын хэмжээнд 1500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн түрээсийн орон сууцын хүрээнд байранд орсон. Тэдний 725 нь хөдөө орон нутагт байна. 780 орчим нь Улаанбаатар хотод байна. 

Судалгаанаас үзэхэд түрээсийн орон сууцандаа орсон ч хэсэг хугацааны дараа түрээсээ төлж чадахгүйн улмаас гарч байна. Үүнээс болоод буурсан гэдэг үзүүлэлт гарсан.