ТОКИО. /NHK/. Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг энхийн замаар зохицуулахад олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт Япон болон Вьетнамын Батлан хамгаалахын сайд нар санал нэгджээ. Японы батлан хамгаалахын сайд Такеши Ивайя болон Вьетнамын Батлан хамгаалахын сайд Нго Сюань Лич нар өнгөрсөн пүрэв гарагт Ханой хотод уулзсан байна. Талууд Өмнөд Хятадын тэнгисийн аюулгүй байдлыг хангах хүрээнд болон бүс нутагт аюулгүй байдлыг тогтоох, тогтвортой байдлыг хангах хүрээнд Японы өөрийгөө хамгаалах хүчин болон Вьетнамын цэргийхний өрнүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцжээ.  Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг санамж бичигт техникийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийг тусгажээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хоёр улс хамтран ажиллахаа мэдэгджээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Такеши Ивайя Вьетнамаас хүссэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг