Улсын онцгой комисс өнөө орой хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Эм, эмнэлгийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Улмаар хүн амын дунд халдвар тархвал шаардагдах нөөцийг бүрэн бүрдүүлсэн. Одоогоор нөөцийн хангамжид дутагдал гарах зүйл байхгүй. Ор, амьсгалын аппарат, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэрэг шаардлагатай бүх зүйлийг бэлдэж, татсан. 

Нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан хамгийн сүүлийн үеийн өндөр чадалтай оношлуур зэрэг зарим зүйлийг өнөө орой 20:30-д Сөүл-Улаанбаатарын онгоцоор татаж авлаа. Одоо Сэлэнгэ аймаг болон Улаанбаатарын холбогдох газрууд руу хүргэж байна. Сая ирсэн түргэвчилсэн оношлуур нь 96 хувийн магадлалтай гаргадаг. 

Өнөө өглөөнөөс эхлэн Улаанбаатарт коронавирусийн шинжилгээ авах 11 цэгийг нээсэн. Эдгээр цэгт маргаашаас дам хавьтлын 2000 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулна. Тэдэнд бүгдэд нь утсаар мэдээлэл өгч байгаа. Хэдэн цагт, аль цэг дээр очиж шинжилгээ өгөхийг нь мөн утсаар мэдэгдэж хэлнэ. Шинжилгээний хариуг даваа гарагийн өглөө гэхэд бэлэн болгоно. Өөрөөр хэлбэл, бямба, ням гарагуудад ойрын болон дам хавьтлын бүх хүнийг шинжилгээнд хамруулж дуусгах ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулж байна" хэмээлээ.