УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэн үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ерөнхий сайд өчигдөр бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийг шууд есдүгээр сарын 1-нд хичээллүүлж эхлүүлэх талаар судлах үүргийг Улсын онцгой комисст өгсөн байна. Хэрвээ энэ батлагдвал 12 дугаар анги төгсөх сурагчид яах вэ. ЭЕШ өгөхөд хүндрэлтэй болж байна. Тэгэхээр ЭЕШ-д орох хичээлүүдээр цар тахлын үеийн дэглэмийг баримтлаад 12 дугаар ангийн хүүхдүүдийг сийрэг байлгаж, хичээл давтуулах сургуулийг явуулах боломж гарахгүй юу. Цахимаар хичээл орсон гээд ЭЕШ-ын үед бөөн гомдол гарч, асуудал үүсэхвий гэж санаа зовж байна" хэмээн тодрууллаа.

Хариуд нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээндээ боловсролын салбарт хөл хорио тогтоосон. Үүнд 1.7 тэрбум хүүхэд, залуус хамрагдаж байна.

Манай улс хөл хориог цаг хугацааны хувьд маш мэдрэмжтэй зохион байгуулж, теле хичээл явуулж буй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хүүхэд, залуучуудынхаа сургалтын асуудлыг орхигдуулахгүй анхаарч ажиллаж, судалж байна. Онлайн болон теле хичээлийг тэргүүлэх зэргийн багш нараар оруулж байна. ЮНЕСКО-гийн албан ёсны сайтуудад манай улсын жишээнүүд мэдээ болон гарсан. 

Энэ хичээлийн жил тавдугаар сарын 30-нд дуусах ёстой. Хөл хориог тавдугаар сарын 30-н хүртэл сунгаж, хичээлийг есдүгээр сарын 01-нээс шууд эхлүүлье гэвэл ямар зохицуулалтууд хийж, төгсөлтүүдийг яаж зохион байгуулах вэ гэдэг дээр тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулахаар бэлдэж байна. Засгийн газар тодорхой шийдвэр гаргана. Хөл хориог хойшлуулах эсэх талаар Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн, ирсэн хариутай манай яам саналаа нэгтгэнэ.

Зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард багш нар нь хорио цээрийн дүрэмд нийцүүлэн нүүр тулж давтлага орох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байна. Төгсөх ангийн сурагчдын эцэг эхээс санал хүсэлт олон ирж байгаа. Эхний ээлжид бид хэрэгтэй гарын авлага, DVD-ыг улсын хэмжээнд 28.000 хүүхдэдээ хүргэсэн" хэмээлээ.