Монгол Улсын Засгийн газар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарсан даруйд Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн авах нь гэх хардлага олон нийтийн дунд гараад буй юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа

-Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг хэрхэн ашиглах вэ?

-2014-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгалийн түүхийн музейн одоо байгаа газарт шинэ музей барих зураг төсөв хийсэн. Долоон давхар, орчин үеийн хийц загвартай байхаар зураг гарсан. Бидний барьж байгаа бодлого нь одоогийн суурин дээр дээрх зургийн дагуу музей баръя. Хаадын болон түүхийн олон сонирхолтой олдвор, үзмэрүүд байр савгүйгээс олон нийтэд дэлгэгдээгүй хадгалагдаж байна. Эдгээрийг хотын төвдөө барих шинэ музейдээ дэлгэе гэсэн байр суурьтайгаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.  

Тодруулбал, Байгалийн түүхийн музейн одоо байгаа газрыг музейн зориулалтаар ашиглана. Хэн нэгэн эрх мэдэлтэн авчих вий гэж эргэлзэж эмээх шаардлагагүй.

-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музей нь нэлээд том бүтээн байгуулалт байх болно. Олон нийтэд үзүүлж чадахгүй байгаа Монгол нутгаас олдсон динозаврууд, АНУ-аас авчирсан Батаар, палеонтологи, геологийн сонирхолтой үзмэрийг үзүүлэх хэмжээний том бүтээн байгуулалт юм. Зураг төсөв нь хийгдэж, бэлэн болсон. Төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна. 

Эх сурвалж: БСШУСЯ