Монголчууд гурван том баяртай. Тэр баяраараа дамжуулан өв соёл, ёс жаяг, гүн ухаанаа өвлүүлсээр ирсэн гайхалтай түүхтэй. Тэр нь, 

Нэг: Учралын баяр. Намрын дунд сарын 17

Хоёр: Ургийн баяр. Сар шинийн баяр

Гурав: Уламжлалын баяр. Улсын баяр наадам юм. 

Ургийн баяр буюу сар шинийн баярыг лавтайяа 2220 жилийн турш монголчууд цагаан сараар баярлаж шинэлсээр ирсэн бололтой юм билээ. Энэ олон мянган жилийн туршид ёс жаяг, уламжлал нь төдийлөн өөрчлөгдөөгүй тэгсэн атлаа огт уйдаж хуучралгүй ирсэн үндэсний том баяр юм. Одоо ч цагаан сар ба бусад баяр гэж тодорхойлж болно. Урьдын хүмүүс гэрээ зараад цагаан сар хийж байсан гэх баримт бий. 

Монголчууд цагаан сардаа бүх цаг үедээ бэлдсээр байдаг

Аль намраар идэш ууш төхөөрөхдөө "За нөгөө битүүлэгний ууц тавих хонь юусан билээ, сар шинээр хэрэглэх идээ цагаа, ааруул ээзгий", "Сар шинээс өмнө амжаад...", "Золгох үеэрээ л гэмээ цайруулахаас...", "Одоо сар хуучирлаа..." гэх мэт олон сэдэв дээр цагаан сар яригддаг. 

Цагаан сарыг үгүй хийх гэсэн оролдлого нэг биш гарч байжээ. 1921 оны цагаан сарын үед Хүрээний хятадууд "Цагаан сарыг нь улаан цусанд будна" гээд хүрз жоотуугаар зэвсэглэн босож байсан гэдэг. Социализмын үед нийслэл хотод цагаан сарыг тэмдэглүүлэхгүй байх тогтоол, тагнуул хүртэл гарч байсан гэдэг. Зах зээлийн үед ч хоцрогдсон үзэл гэх үзэлтнүүд байсаар л байна. 

Монгол хүн монголтойгоо таарсан баяраа хийсээр ч ирсэн. Өөр үндэстнүүд ч өөрсдөдөө зөв, бидний нүдээр хачин гажиг санагдах баяр хаа сайгүй л хийцгээдэг. Даяарших, дангаарших хоёрыг адилхан хослуулж байж улс орны тусгаар тогтнол оршино. 

Сар шинээр бүх ах дүүс бие биенээ мэддэг болно. Хэнийх ам бүл нэмсэн, хэнийхээс хэн явсан. Мөн нагац, авга, худ ураг гэх бүх төрлөө мэдэхээс гадна. Хаа холын хамаатан садан хүртэл ирж уулздаг баяр. 

Би хэний мэндийг мэдэх ёстой, хэн миний мэндийг мэдэх ёстой, хэн хаана суух зэрэг бүхий л ёс жаягийг мэдэж авна. Зөвхөн хамаатан садан биш нэг нутаг хошуу, айл саахалт, хүндлэлт хүмүүндээ золгож мэндийг нь мэддэг нь нэг талын талархал юм. Мэдээж хэрэг өвлийг өнтэй давсан, урин цаг ирсний баяр таширлана. 

Эрт цагаас Монголчууд гэрийн ахуй нөхцөлд суралцаж иржээ. Тэр сургалт нь хэн ч заагаагүй юм шиг мөртлөө заачихдаг. Хэн ч шамдан суралцаагүй юм шиг мөртлөө сурчихдаг онцгой зүй тогтолтой байж. Учир нь хэрэглээндээ байгаа юм. Хүн юу хэрэглэж байна түүнийгээ хэрэглэх явцтай илүү эмх цэгцтэй сурдаг гэсэн үг. Өнөө цагт тийм боломж үгүй болж. Энэ нь амьдрах хэв маяг нь өөрчлөгдсөнтэй холбоотой. Тиймээс үндэсний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэхгүй учиртай. Үндэсний баяраараа дамжуулж ёс заншил, уламжлалт зан үйлсээ сургана. 

Харин бид ёс заншлын үнэт зүйлсээс илүү ууц, боов гэх мэт ахуй талдаа их ач холбогдол өгч байгаагаас болж зарим хүмүүсийн аманд багтах гээд байна. Золголтын бүх зан үйл учир шалтгаантай. Айлд ороход, ахмад хүнтэй мэндлэхэд, дүү хүн ирж мэндлэхэд яах ёстой вэ гэдэг нь том соёл юм. Эхлээд заавал бүх товчоо товчилсон байх ёстой, малгайгаа зөв тэгш өмсөнө. Барих хадаг юм уу хөөргөө зөв барих гээд өч төчнөөн мэдэгдэм үл мэдэгдэм үйлдлүүд байдаг. Энэ бүхэн нь хүний дэгтэй, болгоомжтой, бас хөдөлгөөний эвсэлтэй болгох зэрэг сайн талтай.

Идээ шүүс

Монголчууд бэлгэдэлзүйтэй ард түмэн. Тийм учраас ерөөл сайшаалын үгс мэнд мэдэхээс эхлээд бүх аман ярианд нь шингэсэн байдаг.  Идээ шүүс бэлтгэх нь тусдаа бэлгэдэлт ёс дэгтэй.

Дээр нь таваг засах соёл, идээ ундаа ууж идэх соёл буюу дэг гэж бий. Ямар махыг хаашаа харуулж тавих, хаанаас нь барьж, хаашаа хэрчиж идэх, тавгийн идээнд яаж хүрэх гэх мэтээр бүгд нарийн дэгтэй. Энэ дэг ёс угтаа ганц баяраар болоод өнгөрч байгаа юм шиг боловч амьдралд нь хэвшил болчихдог. Бүр багаасаа тийм дэг ёсонд оролцоод өссөн хүүхэд өөрийн мэдэлгүй амьдралдаа хэрэглэдэг, мэддэг, мэддэггүй нэгэндээ зааж хэлж өгдөг.

Урд цагт бол айл бүхэн өөр өөрийнхөө малын ууцыг идээ шүүсэнд бэлтгэдэг байж. Хүнээс сар шинийн ууц худалдаж авдаггүй байсан гэсэн үг. Энэ нь маш олон учир шалтгаантай. Тэр ууцаар тэр айлын хэр малчийг шинждэг, бэлчээр нутаг, ус хужир хэрхэн тохируулсан, хаагуур нутагласан гэх мэтээр олон зүйлийн шинжээ явагддаг байж. 

Ноднин эдний ууц тааруу байсан энэ жил их сайн байна. Сайн малчин болж байгаа юм байна гэдэг ч юмуу, энэжил эднийх тэнд нутаглаж, тэр голоос усалж, тэндээс хужирлаж байсан. Тэр нутаг их сайн газар юм байна гэх мэтээр дүгнэлт хийдэг. Зөвхөн том ууц байх нь чухал биш. Өөх нь ямар байна. Мах нь ямар байна. Тэр бүхэн танин мэдэхүйн тайлалтай. Тэр бүү хэл амт нь тийм байна гэж ирээд нэг нэггүй шинжин дүгнэдэг. 

Хэвийн боов

Хуучин цагт юм ховор. Одооных шиг чихэр бурам элдэв дээдийн юм байсангүй. Бүр социализмын үед ч тарчигхан байв. Тийм үед ул боовоор таваг засна гэдэг хамгийн дээдийн идээ юм.

1921 оны өмнөхөн үеэр жишээ болгоод хэлье. Богд хааны тавгийн идээ зассан боовыг хишиг болгоод хүмүүст өгч байсан юм билээ. Богдын хүртээсэн хишгээс эхнэр хүүхэддээ өгнө гэдэг хамгийн үнэтэй сайхан зүйл байж.

Цагаан сараар зассан тавгийн идээ ирсэн зочныхоо сэтгэлд нийцсэн байх ёстой. Тэр нь хэвийн боов байх албагүй шүү дээ. Магадгүй хэвийн боовоор зассан тавгийн идээг таашаахгүй байгаа бол заавал хэвийн боов сонгох хэрэггүй. Ууц таашаахгүй байгаа заавал ууц тавих ч хэрэггүй. Ууц тавих нь зүгээр гэж байгаа бол ууцаа тавиж болно. Энэ нь тухайн айлын л асуудал юм. Нийтийн хэв жишгийг дагаж бус нийцтэй сайхан тавгийн идэх засахад л болно шүү дээ.

Хөөрөг

Хөөрөгний хэрэглээ хуучин цагт амин чухал зүйл байв. Тамхилах нь нарийн учир шалтгаантай. Эхний удаа хөрөглөх нь мэндийнх бол удаах тамхи ямар нэг учиртай. Өөрөөр хэлбэл хоёр дахь тамхи нэрэлтээр гол асуудлаа хэлдэг гэсэн үг. Жишээ нь бэр гуйж яваа бол түүнийгээ хэлэх, урилга хүргэж, унаа хөсөг гуйж яваа ч юмуу ямар нэгэн зорилгоор ирсэн талаараа хэлнэ гэсэн үг. Гурав дахь тамхи нэрэлт бол хоёр тал санал нийллээ гэсэн утга ихэнхдээ гарна.