Саруулын Ариунжаргал
08 сарын 12, 2019
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт үндэсний валютынхаа //жэньминьби/ ханшийг 75 суурь нэгжээр бууруулснаар, нэг ам.доллар 7.0211 юаньтай тэнцжээ. Тус банкнаас мэдээлснээр, энэ нь 2008 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойших хамгийн доод үзүүлэлт аж.
Юанийн америк доллартой харьцах ханш ажлын найм дахь өдрөө дараалан суларч байгаа юм. Хятадын Төв банк наймдугаар сарын 8-нд юанийн ханшийг бууруулсан бөгөөд нэг ам.доллартой харьцах ханш сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа 7.0 юань давсан байна.
“Юанийн ханш нь Хятадын эдийн засгийг тодорхойлох хүчин зүйлүүдийн нэг юм. Макро эдийн засаг харьцангуй тогтвортой, санхүүгийн ерөнхий байдал болон эрсдэл бүрэн хяналтад байгаагийн зэрэгцээ олон улсын төлбөр, хил дамнасан хөрөнгийн урсгал тэнцвэртэй байна. Энэ бүхэн нь валютын ханшийг тодорхойлох үндсэн хүчин зүйлүүд юм” гэж “China Minsheng Bank” банкны тэргүүлэх шинжээч Вэнь Биня тайлбарласныг "Дунфан цайфу жэнцюань" цахим хуудас уламжилжээ.
Түүний үзэж байгаагаар, одоогийн ханшийн сулрал нь Төв банкны оролцоотой бус харин зах зээлийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой байна. “Валютын ханшийн өөрчлөлт нь эдийн засгийн байдлыг бүхэлд нь харуулдаг. Валютын сагсанд хамаарах юанийн байр суурь ч тогтвортой хэвээр байна” гэж шинжээч тайлбарласан байна.
АНУ-ын Сангийн яам Хятад улсыг наймдугаар сарын 5-ны даваа гарагт валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулсан бөгөөд энэ үйл явцыг ил тод болгохыг Бээжинд уриалжээ. Харин БНХАУ-ын Төв банк мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Хятад улсыг ийм жагсаалтад оруулсан нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн тогтолцоог сэргээхэд сөргөөр нөлөөлнө гэжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.