Юанийн ам.доллартой харьцах ханшийг дахин буурууллаа

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ өнөөдөр үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг дахин 313 суурь нэгжээр /0.47 хувь/ бууруулснаар нэг ам.доллар 6.9996 юаньтай тэнцлээ. Энэ нь 2008 оны тавдугаар сарын 15-наас хойших хамгийн доод үзүүлэлт ажээ. Хятадын Төв банк юанийн ам.доллартой харьцах ханшийг гурав дахь өдрөө дараалан бууруулж байгаа юм.

Одоогийн ханшийн сулрал нь Ардын банкны манипуляцтай бус, харин Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт гаалийн татвар ногдуулна гэсэн Америкийн эрх баригчдын мэдэгдэлтэй холбоотой гэж БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн Юй Юндин үзэж байна. “Энэ нь татвар нэмсэнтэй, түүнчлэн олон улсын төлбөрийн тэнцэлд Хятад улсын эзлэх хувь, мөн юанийн эргэн тойронд үүссэн гутрангуй үзэлтэй ихээхэн холбоотой” гэж тэрбээр хэлснийг "Жунго вайхуэйван" цахим хуудас мэдээлжээ.

“China Minsheng Bank” банкны шинжээч Вэнь Бинь үүнтэй төстэй үзэл бодолтой байна. “Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, мөн олон Төв банк бодлогын хүүгээ бууруулсан болон худалдааны маргаан хурцадсантай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц хэлбэлзэл ажиглагдаж байна. Энэ шалтгаанаар юанийн ханш ч мөн зах зээлийн нөхцөл байдал болон түүнд оролцогчдын сэтгэл санааны байдалтай холбоотойгоор мэдэгдэхүйц хэлбэлзэж байна” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

АНУ-ын Сангийн яам Хятад улсыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулснаа даваа гарагт мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын Төв банк мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Хятад улсыг ийм жагсаалтад оруулсан нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн тогтолцоог сэргээхэд сөргөөр нөлөөлнө гэжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.