Төв аймгийн Заамар сумын малчид хууль бусаар олгосон хайгуулын лицензийг цуцлуулахыг шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Учир нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд тус сумын Төмстий багийн нутаг Өвөр наймганд 15541.8 га газарт ашигт малтмалын хайгуул эрхлэх XY-020880 тоот тусгай зөвшөөрлийг “Эрдэнэсийн Эрэг” ХХК-нд энэ оны долдугаар сарын 27-нд олгожээ. Төмстий баг нь 91000 га газар нутагтай бөгөөд өмнө нь “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд 15500 га талбайг ашигт малтмалын зориулалтаар сүйтгэсэн. Үүний улмаас малчдын амьдрах орчин, малын бэлчээрийн хүрэлцээ муудаж, бэлчээрийн даац хэтэрсэн гэдгийг малчид хэллээ. 

Нөхцөл байдал ийм хүнд байхад нэмж хайгуулын лиценз олгосон нь малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байна хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Заамар сумын засаг дарга тус хайгуулын лицензийг цуцлуулах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан ч хүлээж авч, шийдвэр өгөөгүй гэдгийн тэд онцлов. 

Төрийн удирдлагууд хууль бусаар хайгуулын лиценз олгосон тус асуудлыг анхааралдаа авч, яаралтай шийдвэр гаргаж лицензийг цуцлуулахыг малчид шаардлаа. Хэрэв асуудлыг шийдэхгүй удаашруулбал БОАЖЯ, АМГТГ-т албан тоот бичиг хүргүүлж, үе шаттайгаар тэмцэх  юм байна.