Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсэд онцгой анхаарал хандуулав

Б.Баясгалан
08 сарын 20, 2018

Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжит чуулга уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо энэ сарын 17-19-ний өдрүүдэд боллоо. Тус хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төрийн төлөөлөгчид, мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа. 

Чуулга уулзалтад ОХУ-ын 6 бүс нутгийн 38 компани, аж ахуйн нэгж, БНХАУ-ын 800 компани оролцож, нийт дүнгээрээ 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийсэн байна.

Чуулга уулзалтын хүрээнд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд хоёр орны хилийн дагуу хамтарсан бүс байгуулах талаарх Монголын талын байр суурь, хийгдэж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 

2014 оноос хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд эхлэн яригдсан Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахтай холбоотой үйл явц сүүлийн үед нэлээд эрчимжиж, Монгол Улсын Засгийн газар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монголын талын саналыг саяхны хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, БНХАУ-ын талтай албан ёсны хэлэлцээ эхлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн шийдвэр гаргасныг тэрбээр дугуй ширээний оролцогчдод дуулгалаа.

Энэ үеэр Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.