Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон тус аймгийн Зэрэг, Дарви, Манхан, Буянт, Жаргалант суманд ажиллав.

Ховд аймгийн хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг төрийн захиргааны албан тушаалд 2 удаа томилсон, хуульд заасан шаардлага хангаагүй буюу дээд боловсрол эзэмшээгүй хүнийг сумын Засаг даргаар томилсон асуудал гарсан байна. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байх бөгөөд албан тушаалтнуудыг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд нь гаргадаггүй, холбогдох албан тушаалтнууд тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар журмын дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй байна.

Түүнчлэн орон нутгийн төсөвт суугаагүй, төлөвлөгдөөгүй барилгын зургийг гаргуулахаар хөрөнгө зарцуулсан, гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийг нь бүтнээр нь шилжүүлсэн, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, тендерийн үнэлгээний хороо нь материал ирүүлсэн компанийн санхүүгийн чадавхи, туршлага, өр зээлийн судалгааг хийж үнэлээгүй зэрэг төсөв санхүү, худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчлүүд түгээмэл байна.

Ажлын хэсэг тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр Р.Батмөнх, Н.Мөнхбат, С.Батчулуун нарыг сонгож, гэрээ байгууллаа.

АТГ