Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл (СТБЗ)-өөс “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг баталлаа. 2018-2023 онд хэрэгжүүлэх тус стратегид зээлийн хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах, банк, санхүүгийн байгууллагуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг болон засаглалыг сайжруулах гэсэн үндсэн хэсгүүдээр тодорхой зорилтуудыг төлөвлөсөн бөгөөд эдгээрийг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүүний түвшин бодитойгоор буурах юм.

Өнөөдрийн байдлаар банкны салбарын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20 орчим хувьтай байна. Энэ нь дундаас доогуур орлоготой орнуудын дунджаас 5 нэгж хувиар, зүүн Ази, Номхон далайн орнуудын дундажтай хурьцуулахад 10 гаруй нэгж хувиар өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт зээлийн хүү хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих түвшинд хүртэл буурахгүй байна.

“Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”-аар инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга, макро бодлогын уялдааг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэх, бодлогын хүүний корридороор хүүний сувгийн нөлөөг сайжруулах, долларжилтыг бууруулах, зээлийн мэдээлэл, батлан даалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн байгууллагын засаглалыг сайжруулах зэрэг зорилтыг дэвшүүлж буй юм. Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлсний үр дүнд 2023 оны төгсгөлд арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү өнөөдрийнхөөс 5-7 нэгж хувиар буурсан байна гэж тооцжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нараас бүрддэг СТБЗ нь системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход үйл ажиллагаагаа чиглүүлдэг байнгын бүтэц юм. Зөвлөлийн дэргэд судалгааны баг ажилладаг бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол солилцож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулах хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй.