УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийнтөслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. 


С.Эрдэнэ: "Монголчууд бага цалинтай ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхлэж, хаа ч байхгүй хамгийн өндөр санхүүгийн түрээс /зээлийн хүү/ төлж, бултаараа банкны эзэд, мөнгө хүүлэгчдэд хэт их хэмжээний монополь ашиг “үйлдвэрлэн” өгч байна. 

Зээлийн өндөр хүүгийн дарамт нь баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо" гэсэн юм. 

Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Энэхууль батлагдсанаар нийгэм, эдийн засгийн онцгой чухал ач холбогдол бүхий дараахь эерэг үр дагаварууд гарна гэж үзэж байна:

  • Зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурна. Ялангуяа банк бус зээлдүүлэгчдын зээлийн хэт өндөр хүү буурч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана.
  • Бизнесийн үйл ажиллагааны зардал буурч ашиг хуримтлал нэмэгдэж, бизнесийн орчин сайжирч,төлбөрийн чадвар дээшилж, татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Иргэдийн, ялангуяа худалдаа эрхлэгчдийн зээлийн хүүгийн дарамт эрс буурч орлого нэмэгдэж, аж амьдрал сайжирахад чухал нөлөө үзүүлнэ.
  • Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш бүтээн байгуулалтад чиглэгдэнэ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, зээлийн хүү өндөр байгааг тодотгож, мөн бизнесийн зээлийн хүү 18 хувь байгаа нь юун дээр үндэслэсэн, бууруулах боломж бий эсэх талаар тодруулав.

Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, бизнесийн зээлийн хүү 18 хувь бол зах зээлийн нөхцал байдалтай уялдуулан зохицуулагддаг, цаашид бууруулах боломж бий, харин төрөөс дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна гэлээ.

Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр бус олон жил яригдаж байгаа бөгөөд олон шалтгаанаар гацсаар 28 жил боллоо. Энэ асуудал гацаж буй шалтгаан нь зах зээлийн зарчмаар явагдсан гэсэн тайлбар хийгддэг. Иймд төрөөс зохицуулалт хийх шаардлага үүсч байна гэв.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийнтөслийн үзэл баримтлалыгхэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс