Н.Жавхлан
12 сарын 23, 2024
Технологийн салбарын шарк гэгдэх NVIDIA компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуан нь 1993 онд Кристофер Малаховский, Куртис Прием нартай кофе ууж байхдаа санаагаа олжээ. Тухайн үед одоогийнх шиг график карттай процессорууд байгаагүй бөгөөд энгийн график картыг сайжруулах боломжтой гэж тэд харсан хэрэг.
Өдгөө NVIDIA нь компьютер график болон видео тоглоомын зориулалттай тоног төхөөрөмж, программ хангамжийг хөгжүүлдэг ба хамгийн сайн танигдсан бүтээгдэхүүн нь GPU (Graphics Processing Unit) буюу график болон видеог боловсруулахад өндөр хурдаар гүйцэтгэх чип юм.
Анх байгуулагдахдаа уг чипээрээ алдартай байсан боловч сүүлийн жилүүдэд томоохон мэдээллийн төвүүд, хиймэл оюун ухаан, хөдөө аж ахуй, агаарын тээвэр зэрэг бусад салбаруудад үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр байна.
Технологийн компаниуд хиймэл оюун ухааны тухай ярилцдаг ч амжилттай хэрэгжүүлдэг нь цөөн юм. Харин NVIDIA тэр бүгдээс онцгойрч ашгаа үнэмлэхүй өсгөж чаджээ.
Тодруулбал, 2023 оны эхний улирлын орлого нь 7.2 тэрбум доллар байсан бол ердөө ганцхан жилийн дараа гэхэд 26 тэрбум доллар болтлоо өсжээ.
NVIDIA нь технологийн ертөнцөд үргэлж шинэчлэлт, хөгжүүлэлт хийхээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Женсен Хуаны хувьд нүүдэлчин амьдралын хэв маягийг илүүд үздэг байна. Нэгэн хэвийн албан тушаалд баригдах дургүй бөгөөд үйлдэл бүртээ анхаарч ухаалаг нүүдэг бизнесмен аж.
Түүний амьдралдаа баримталдаг нэг зарчим бол бүтэлгүйтэх нь асуудал биш юм. Компаниа үүсгэн байгуулснаас 2 жилийн дараа Женсен болон түүний багийнхан анхны чипээ гаргасан ч бүтэлгүйтэж 10 сая доллараар “шатсан” байна. Улмаар тал ажилчдаа халах шаардлагатай болжээ. Гэсэн ч бууж өгөлгүй шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд RIVA 128-г хоёр жилийн дараа сэргээсэн байна. Хэдий бүтэлгүйтсэн ч шаргуу хөдөлмөрлөсний хүчинд дахин босож ердөө 4 сарын дотор сая чип борлуулж чадсан юм.
Мэдээж амжилтад хүрэхэд багийн ажиллагаа хамгийн чухал юм. Женсен өөрийн компанийн ажлын орчныг илүү бүтээлч, ил тод, харилцан итгэлтэй байлгахыг хичээдэг. Мөн хамтрагчдаа сонгохдоо зөвхөн цаасан дээрх мэдээллээр нь дүгнэдэггүй. Ажилдаа хэр дурлаж, алдаагаа хэрхэн засаж, хорвоо ертөнцийг харах өнцөг нь ямар хүн бэ гэдгийг нь голчлон хардаг аж. Тухайн хүн ажилдаа бүтээлч хандаж, оюуны довтолгоо сайн хийдэг бол түүнтэй хамтран ажиллах боломжтой юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа
"Багийн гишүүдийнхээ чадварыг хөгжүүлж, тэдэнд боломж олгох нь амжилттай болох үндэс" гэж хэлсэн байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.