Тэтгэврийн тогтолцоо бол манай улсад тулгамдаж буй системийн асуудлуудын нэг

Х.Оргил
06 сарын 28, 2021

“Нэйшнл Лайф Даатгал”(National Life) ХХК-ийн санаачлага, санхүүжилтээр “Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ-аас “Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг 28 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр 2021.02.20-05.20-ны хооронд 3 сарын хугацаатай гүйцэтгэсэн байна. Уг судалгааны ажлын судлаачдын төлөөлөл СЭЗИС-ийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн багш Г.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрбээр СЭЗИС-ийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимд багшаар ажилладаг. 2020 онд ЗСДС ТББ-аас зохион байгуулсан “Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд оролцож байсан юм.


Одоо “Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд гэрээт судлаачаар ажиллаж байна.


-“Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаанд оролцох болсон таны зорилго юу байсан вэ? 

-Миний хувьд өмнө нь Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо болон хувийн тэтгэврийн санг нэвтрүүлэх чиглэлд хэд хэдэн судалгаануудад ажиллаж байсан. Тэтгэврийн тогтолцоо бол манай улсад тулгамдаж буй системийн асуудлуудын нэг бөгөөд улс төрчид, судлаачид тогтолцооны шинэчлэлийн талаар сүүлийн үед ихээхэн хэлэлцүүлгүүд хийж байна. 

Тиймээс тэтгэврийн тогтолцоонд ямар асуудлууд тулгамдаж байна, түүнийг хэрхэн шийдэх талаар системийн онолын хүрээнд судалж шийдэл боловсруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байсан.

-Танай судалгааны зорилго юу вэ? Нийгэмд ямар үнэ цэн бүтээх хүлээлттэй/ төсөөлөлтэй байна вэ? 

-Судалгааны ажлын зорилго нь “Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх” юм. Бид тэтгэврийн тогтолцооны талаар ярихдаа иргэдийн тэтгэвэр хүрэлцэхгүй байна, тэтгэврийн тооцоолол алдаатай байна мөн цаашлаад тэтгэврийн сан алдагдалтай байна гэх мэтээр асуудлыг нэг талаас нь хараад байдаг. 

Харин судалгааны хүрээнд системийн онолын дагуу Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загварыг тодорхойлсноор энэхүү системийн оролцогч талууд болон тэдний үүргийг нарийн тодорхойлж одоогийн тогтолцоонд үүсэж буй асуудлуудыг шийдэх боломжтой гэж үзэж байна.



-Ямар асуудлын хүрээнд судалгааг боловсруулсан бэ? Та бүхний судалгааны голлох үр дүнгүүд юу вэ? 

-Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загварыг тодорхойлохдоо энэхүү загвар нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн байх, олон улсын стандартуудад нийцсэн байх, иргэдэд хүртээмжтэй байх, системийн загварын суурь зарчимд нийцсэн байх гэсэн суурь хэв шинжүүдэд үндэслэсэн. 

Судалгааны хүрээнд одоогийн тогтолцооны доголдол болон иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоос эхлээд нийт 22 улсын тэтгэврийн тогтолцооны туршлагыг судалж Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны оролцогч талууд, тэдний үүрэг болон тогтолцооны жишиг загварыг боловсруулсан.

Судалгааны үр дүнгүүдэд үндэслэн урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй оршин тогтнох логик үндэслэл бүхий тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна.


-Танай судалгааны онцлог, давуу тал, ач холбогдол юу вэ? 

Тэтгэврийн тухай ойлголт нь зөвхөн иргэд тэтгэвэр авахтай холбоотой асуудлыг хөнддөггүй бөгөөд ажил олгогчид, олон нийтийн байгууллагуудын оролцоог чухалчилан авч үзэх шаардлагатай.

Аливаа системийн оролцогч тал бүр тодорхой үүрэг хүлээж, түүнийхээ үр дүнд үр шим хүрдэг байх хэрэгтэй.

Бидэнд ямар нэг асуудал үүсэхэд хамгийн түрүүнд эрхээ л ярьдаг шүү дээ. Харин судалгааны хүрээнд оролцогч талуудын үүргүүдийг нарийн тодорхойлж, асуудлыг системийн түвшинд авч үзсэнээр шинэчлэл хийгдэж буй хууль тогтоомжид тусгаж болохуйц ач холбогдолтой үр дүнгүүд гарсан. 


-Судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай байна вэ?

Судалгааны арга, аргачлалын хувьд бусад судалгаанаас ихээхэн ялгаатай. Судалгааны ажлуудад үр дүнгээ ихэвчлэн түүвэр судалгаа болон эконометрик шинжилгээ хийж нотолсон байдаг. Харин энэхүү судалгааны хувьд хүн бүрийн ялгаатай ойлгодог ойлголтуудыг тодорхойлохоос эхлээд тухайн систем ямар хэв шинжийг бүрдүүлбэл зохих талаар онолын суурь судалгаануудыг хийх шаардлагатай болсон. 

Судалгаанд ашигласан нийгмийн системийн инженерчлэлийн шийдлүүдийг ТУС Солюшн компаниас боловсруулсан аргачлалд үндэслэсэн. Уг аргачлалыг нийгмийн системийн менежментийн бусад аргачлалуудтай харьцуулахад нийгмийн системийн инженерчлэлийн аргачлал нь тухайн системд тулгарч буй асуудлуудыг цогцоор нь, уялдаатай шийдвэрлэх шийдлийг санал болгодгоороо онцлогтой.

-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан бол дурдаач?

-Судалгаа хийх явцад өөрийн хуучин, хэвшмэл ойлголтод түшиглэх, түүнээс болж асуудлыг системийн түвшинд харж чадахгүй байх асуудлууд үүсэж байсан. 

Мөн судалгааны багийн гишүүд өөр өөр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байсан тул судалгааны явцад ойлголтоо нэгтгэхэд удаашралтай байсан. Гэхдээ энэ нь бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр асуудлыг олон талаас нь авч үзэхэд давуу талыг бий болгож байсан.


-Судалгаанаас сурсан зүйлээ дурдахгүй юу? 

-Энэхүү судалгаанд оролцсоноор системийн инженерчлэл болон цэгцтэй сэтгэх аргын талаарх мэдлэгээ илүү бататгасан бөгөөд цаашид өөр судалгааны ажлуудад ашиглах бодолтой байна.

Бидний хийсэн судалгааны ажлын тайлан удахгүй хэвлэлтээс гарах тул санал, зөвлөмж, шүүмжээ харамгүй өгөөсэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.