Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.


12 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас

- Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, 

- Увсын Давст, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянхонгорын Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Дашинчилэн, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Баян, Эрдэнэ, Зуунмод, Баян-Өнжүүл, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьгангад 10,1-20 см, 

- Орхон, Сүхбаатар аймгийн нийт нутаг, Архангай, Булган, Төвийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см, 

- Бусад нутагт 1-5 см зузаан цастай байна.


2020 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд их (нэн их 16.5 хувь, их 50,4 хувь), 20 шахам хувьд нь (18.5 хувь) дунд зэрэг эрсдэлтэй гарсан.

Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3...-120С-ээр хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.


Эх сурвалж: ЦУОШГ