Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж олголоо.

Дөрвөн улирлын бэлчээрт түшиглэсэн, байгаль, цаг уурын нөхцөл байдлаас бүрэн хараат мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөрмөц тогтолцоотой Монгол Улсад өвөлжилт хүндэрч, цагаан, төмөр зудын гамшиг нүүрлэсний улмаас оны эхний гурван сард 6 сая орчим толгой мал хорогдсон нь нийт мал сүргийн 9.2 хувьтай тэнцжээ.  3-р сарын 16-ны байдлаар 1.6 сая ямаа хорогдсон мэдээтэй байсан нь улсын эдийн засагт 400 тонн ноолуур буюу 50 тэрбум төгрөгийн хохирол учирсныг илтгэж байв. 

Малчин өрхийн амьжиргаагаа зохицуулахад онцгой ач холбогдолтой орлогын эх үүсвэр тасалдсанаар 190 мянга гаруй малчин өрхийн цаашдын амьжиргаа, хүнсний баталгаат алдагдах эрсдэл дагуулах нь тодорхой юм.

НҮБ-ын ХХААБ-аас зудын хохирол нэн их 15 аймгийн 107 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрх тус бүрд 660 000 төгрөгийн бэлэн мөнгөний шилжүүлэг хийлээ. Энэ нь малчин өрхүүд өөрсдийн тулгамдаж буй хэрэгцээндээ зарцуулах нөхцөлт бус бэлэн мөнгөний тусламж юм.

Бэлэн мөнгөний тусламжид 500 хүртэлх толгой малтай байсан боловч зудын улмаас малынхаа 30-90 хувийг алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон хөхүүл эхтэй, 14-өөс доош насны хоёр ба түүнээс олон хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эцэг эсвэл эх, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаггүй залуу өрх зэрэг хүн амзүйн эмзэг байдлын шалгуурт нийцсэн 1000 өрхийг сонгон хамруулсан юм.

Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн яаралтай тусламж хүргэхийн зэрэгцээ тэдний цаашдын гамшгийн эрсдэл даах чадвар, нийгмийн хамгааллыг дэмжихэд 8 сая орчим ам.доллар шаардлагатайгаас одоогоор 5.3 сая ам.долларын санхүүжилт дутагдалтай байна.

 Энэ хүрээнд Засгийн газар, хөгжлийн түншүүд олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж байна. НҮБ-ын ХХААБ малчин өрхүүдийн тулгамдсан хэрэгцээг хангахад хүмүүнлэгийн бэлэн мөнгөний тусламжийг олгож хүнд хэцүү цаг үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр цаг уурын төлөв байдал эрс хувьсан өөрчлөгдөн байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэх болсонд мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаа өртөмхий, эмзэг болсоор байна. Иймээс байгалийн гамшгийг даван туулах оновчтой арга барил сул малчин өрхүүдэд хүмүүнлэгийн яаралтай тусламжийг үзүүлэх хэрэгцээ их байгаагийн зэрэгцээ цаашид тэдний гамшгийн эрсдэл даах чадварыг сайжруулах тогтвортой арга туршлагыг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна.

НҮБ-ын ХХААБ нь засгийн газар болон орон нутгийн иргэдтэй хамтран тулгамдаж буй хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг шийдвэрлэхэд болон урт хугацаанд малчин өрхүүдийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах үүрэг хүлээсэн хэвээр байгаа болно. 

Зорилтот бүлгийн малчин өрхүүдэд нөхцөлт бус бэлэн мөнгөний тусламжийг НҮБ-ын ХХААБ-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эх үүсвэрээс санхүүжүүлсэн юм.