"1000 машины зогсоол”-ын үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлжээ

Х.Оргил
12 сарын 13, 2018

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож,  үйл ажиллагааг нь зогсоох, газрыг чөлөөлөх, газрын эрхийг хүчингүй болгох арга хэмжээг авсан байна.

Дээрх 40 иргэн, хуулийн этгээдээс 22 нь  өмчлөх, 16 нь эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, хоёр иргэн хуулийн этгээдийн нэр дээр газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Зөрчил арилгаж, ил задгай авто худалдаа эрхлэхийг зогсоох тухайн мэдэгдэл хүргүүлснээр долоон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Мөн Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК буюу “1000 машины зогсоол”-ын авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлсөн байна.

Мөн шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

зогсоол машин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.