14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ

Б.Баясгалан
08 сарын 08, 2018

УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн учир нөхөн сонгууль явуулахаар болоод буй. Тус нөхөн сонгуулийг ирэх 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон. 

Улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хугацаа өчигдөр буюу 8 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон юм.

Ингэснээр Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Иргэний Зориг-Ногоон Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлснээр нийт 14 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгоно.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.