Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна. 

Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр,  Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар тэдний гэм буруутай эсэхийг тус шүүх хурлаар шийдвэрлэх юм.

Тус шүүх хуралдаан өнгөрсөн 07 дугаар сарын 23-ны 10.00 цагт эхэлсэн ч Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзэн тус өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан. Улмаар Ц.Амгаланбаатарыг авчирч шүүх хуралдаан эхэлсэн ч шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч шүүгч нарын бүрэлдэхүүнээс татгалзсан учир уг саналыг шүүгч нарын зөвлөлөөр хэлэлцэхээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Гэвч шүүгч нарын зөвлөл хуралдаж, бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй гэж үзсэн учир шүүгч нар хуучин бүрэлдэхүүнээрээ өнөөдрийн шүүх хуралдааныг явуулж байна.

Өнөөдрийн шүүх хурлын завсарлагааны үеэр шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч Г.Батбаяр "Яг хуульд заасан журам, хуулиа баримтлах юм бол миний үйлчлүүлэгч нар ямар ч ялгүй цагаадаж гарах ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн. /ЭНД дарж дэлгэрэнгүйг уншина уу/

Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд хяналт тавих УИХ-ын Түр хорооны 7 гишүүн тус шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтийг өнгөрсөн пүрэв гарагт Төв аймгийн шүүхэд хүргүүлсэн ч, хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаад буй юм. /Хүсэлт хүлээж авах боломжгүй гэж үзсэн шийдвэрийг ЭНД дарж үзнэ үү/

Өглөөний 09.00 цагаас эхлэн Шүүхийн байрны гадна тал талын байр суурийг илэрхийлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан лоозон барин жагссаар...

19.00 цагийн байдлаар шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна