Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж байна.

Шүүх хуралдааны завсарлагааны үеэр шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч  Г.Батбаяр "Яг хуульд заасан журам, хуулиа баримтлах юм бол миний үйлчлүүлэгч нар ямар ч ялгүй цагаадаж гарах ёстой. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагаа тэнд явуулаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгч нарыг яллаад буй зүйл анги нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны үед хэрвээ мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүнийг зодсон тохиолдолд ялладаг зүйл анги. 

Гэтэл хоригдол хоригдлоо зодсон. Тодруулбал, ялтан Ц.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар хүн зодсон байгаа. Тэгэхээр тэдний хүн зодож буй үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон байвал сахилгын арга хэмжээ авагдаад явна.

Тагнуулын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нууц камер байршуулж, хамгаалагчаар Итгэлтөгс нарыг оруулсан. Энэ бол олон нийтэд ил тод болсон зүйл. Түүнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэнгүүт тагнаж буй тагнуулын ажилтан нь гүйж ороод одоо боль гээд салгах ямар ч боломжгүй. 

Шууд зод гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Гэтэл манай үйлчлүүлэгч нарыг зод, нүд гэсэн даалгавар өгсөн гэх үндэслэлээр буруутгаж байна. Энэ нь нотлогдохгүй. Ц.Амгаланбаатар "Би хүн алсан" гэж яриад байхаар нь үнэн, худлыг нь шалгах зорилгоор Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Энэ үед Ц.Амгаланбаатар нь "чи хүн алсан биз дээ" гээд Содномдаржааг алгадчихаж байгаа нь эрүүдэн шүүлт биш. 

Шүүх хуралдаан хаалттай болж буй учир шүүгдэгч нарын, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн, Түр хорооныхон оролцох боломжгүй. Хууль нь ийм. 460 хоног зодсон гэж Ж.Батзандангийн яриад буй худлаа. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын цохиж буй үйлдлийг л эрүүдэн шүүлт гэнэ. Хоригдлуудын хоорондоо зодолдож буй үйлдлийг танхайрах, бие биенээ доромжлох гэнэ" хэмээлээ.