Гурван өдөр үргэлжилж буй Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал 21 цаг 55 минутын орчимд завсарлалаа.

Хэрэг ээдрээтэй, олон оролцогчтой тул цаг их авч байна гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Улмаар маргааш буюу дөрөвдэх өдрөө үргэлжлэхээр боллоо.

Шүүх хурал завсарлах үеэр шүүгдэгч 9 хүний нэгийнх нь өмгөөлөгч Г.Батбаяр "Одоогийн байдлаар шүүх хурал 70 орчим хувьтай явж байна. Маргаашдаа амжиж дуусах нь эргэлзээтэй байна.  Төвөгтэй, ээдрээтэй хэрэг учир маш их мэтгэлцэж байна. Хөнгөн хэлбэрийн ангилалд багтаж буй энэ хэргийн ээдрээтэй, маргаан ихтэй нөхцөл байдлыг харгалзаад шүүх хурлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулж байна. Тиймээс шүүх хурал удаж байна. Хуулийн байгууллагын ажилтан шалгагдаж буй учир бодит байдлыг сайтар шалгаж, зөв тогтоохгүй бол болохгүй" гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.