ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурор асан Д.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Шүүхэд эхэлсэн ч 8 дугаар сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлогдлоо.

Тус шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн бөгөөд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзэн, 14.00 цаг хүртэл түр хойшлуулсан. Улмаар Ц.Амгаланбаатарыг Хорих ангиас цагдаагийн хамгаалалт дор авчирснаар шүүх хуралдаан хаалттай үргэлжилсэн.

Гэвч дөнгөж сая шүүгдэгч есөн иргэний нэгийнх нь өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир тус шүүх хурлыг 2019 оны 8 дугаар сарын 12-ныг хүртэл хойшлуулав.

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх саналыг хүлээж авах эсэхийг Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх аж.

Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсаны гэргий Б.Булган нар оролцохоор иржээ.

Сануулахад, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт  шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал,  С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүний хэрэг шүүхэд шилжсэн юм.